Олон улсын байгууллагууд Рио Тинто компанид шаардлага хүргүүллээ

Олон улсын найман байгууллага нэгдэн Рио Тинто компанид үйл ажиллагааны тайлан болон хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тайлагнахыг шаардан шаардлага хүргүүллээ.
Ялангуяа Папуа Шинэ Гвиней улсын баруун Папуа мужид орших Грасберг уурхай, Мадагаскар дахь Бугэйнвиллийн уурхай, Монгол дахь “Оюу Толгой” төсөл, АНУ-ын Аризона муж дахь зэсийн уурхай, Сербийн Жадар литийн уурхайн засаглал, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн ажлуудыг нээлттэй ил тод тайлагнахыг шаардсан байна.
Сүүлийн үед дээрх уурхай, компаниудад үйл ажиллагааны доголдол үүсэх, компанийн засаглал алдагдах, хүрээлэн буй орчин илтэд доройтох хандлага ажиглагдаж байгаа тул дээрх шаардлагыг хүргүүлжээ.
Оюу Толгой төслийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой OT Watch олон улсын байгууллага Рио Тинто компаниас дараах тайлбар авахыг шаардаж байгаа аж.
Оюу Толгой төсөл дэх зэс, алт, мөнгө болон бусад ашигт малтмалын нарийвчилсан үнэлгээг дахин тогтоох, Техник эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулах, эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтийг авах, далд уурхайн бүтээн байгуулалтад ус ашиглах нөөцийн үнэлгээг боловсруулах зэргийг шаарджээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсэгтэй нэн даруй хамтран ажиллах, УИХ-аас гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангахыг шаардсан байна.
Үндэстэн дамнасан корпорацуудын судалгааны төв говь нутгийн эрдэнэ болсон усыг Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр хэрхэн ашиглаж ирснийг тайлагнахыг мөн шаардлагадаа тусгажээ.
Шаардлагын хариуг 21 хоногийн дараа авах аж.
Эх сурвалж: SOMO
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.