Абэ Шинзо: Япон улс цар тахлын 2, 3 дахь давлагаанд бэлтгэлтэй байх ёстой

Абэ Шинзо: Япон улс цар тахлын 2, 3 дахь давлагаанд бэлтгэлтэй байх ёстой

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо 39 муждаа онц байдал цуцалсантай холбогдуулж, "COVID-19" цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг үргэлжлүүлэхийг холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байна. Тэрбээр парламентын дээд танхимын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ энэ тухайг мэдэгджээ.

Япон улс цар тахлын эсрэг үр дүнтэй эмчилгээний арга нэвтрүүлж, вакцин гаргаж авах хүртэл "COVID-19"-ийн эсрэг урт хугацаанд тэмцэхэд бэлтгэлтэй байх ёстой гэж Ерөнхий сайд Абэ Шинзо үзэж байна. Хэдийгээр Японд онц байдлын дэглэмийг цуцалсан ч цар тахлын аюул хэвээр байна. Иймд ард иргэд цар тахлын дэгдэлтийн хоёр, гурав дахь давлагаанд бэлэн байх нь зүйтэй. Хэрэв дахиад цар тахлын халдвар нэмэгдээд ирвэл тухайн муж улсуудад онц байдлын дэглэмийг дахин тогтоож магадгүй. Ийм учраас ард иргэд нийгмийн харилцаанд тодорхой зай барьж оролцох зэрэг амьдралын шинэ хэв маягт дасан зохицож, тухайн байгууллага бүрийн гаргасан цар тахлын үеийн удирдамж, зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй гэдгийг уриалжээ.

Үүний зэрэгцээ Японы Засгийн газар цар тахлын оношилгоо, тэр дундаа эсрэг биетийг оношлох, PCR оношлогоо хийхэд эрүүл мэндийн тогтолцоогоо улам сайжруулахаа амлаж байна. Өөрөөр хэлбэл, цар тахлыг дарахын тулд илүү сайн тоног төхөөрөмжөөр хангагдсан, эрүүл мэндийн тогтолцоонд олон өөрчлөлтүүдийг хийнэ гэж Абэ Шинзо хэллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.