Автобусны нийт 600-800 буудлыг ариутгаж халдваргүйжүүлнэ

Автобусны нийт 600-800 буудлыг ариутгаж халдваргүйжүүлнэ

Нийслэлээс хотын гудамж, талбайг халдваргүйжүүлж эхэллээ. Ингэхдээ угаалгын хөөстэй цэвэрлэгээ хийж байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн захирагчийн алба, НМХГ, Нийтийн тээвэр үйлчилгээний газраас газар дээр нь танилцуулав. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандангийн автобусны буудал дээр ариутгал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийсэн юм. 

Нийслэлийн Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлэхдээ, “Нийслэлд нийтийн тээврийн зогсоол бүхий автобусны 600-800 буудал байдаг. Нийтийн тээврээр нийслэлд өдөрт 600-650 мянган иргэн үйлчлүүлдэг. Автобусны буудал дээр тэр хэмжээгээр олон хүмүүс цуглардаг. Тиймээс нийслэлээс "COVID-19"-ийн халдвар гарснаас хойш Улаанбаатар хотын гудамж талбайг халдваргүйжүүлж ирлээ. Одоо автобусны бүх буудалд үндсэн цэвэрлэгээ болон ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийнэ” гэв. 

Тэрээр, "COVID-19"-ийн халдвар гарсантай холбогдуулан иргэдийг хүн олноор зорьчдог газраар явахгүй байх, тамхины иш, нус цэрээ ил задгай хаяхгүй байхыг уриалав. "Бид хүчээ нэгтгэж байж энэ аюулт цар тахлын ард гарч чадна" гэдгийг тодотгож байв. 

Энэ удаа ийнхүү автобусны буудал, буудлын сандал, хогийн сав зэрэг байрласан нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйжүүлж, энд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг мэргэжлийн 37 аж ахуй нэгж оролцож байна. 

Албаныхан шинэ корона вирусний халдвар намжсан ч цаашид нийслэл хотод цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхэд анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.