Он дамнан барьж буй цэцэрлэгийг ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллалаа.
Тус дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, БСШУСЯ-тай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан ч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар өнөөдөр 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өмнө нь энд удаа дараа ирж ажиллан цэцэрлэгийн барилгын ажлыг түргэвчлэх шаардлагыг гүйцэтгэгч компанийн хариуцсан албан тушаалтнуудад тавьж байсан. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани маш хариуцлагагүй ажиллаж байгаагийн улмаас он дамнан уг цэцэрлэгийг барьсаар байна.
Хотын Захирагч тус цэцэрлэгийн барилгын ажлын явцыг шалгаж, гүйцэтгэл туйлын хангалтгүй, чанар стандартын дүрэм журам зөрчсөн нь илт байна гэдгийг тус компанийн барилгын инженер Т.Мэндбаярт хэллээ. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон тус дүүргийн Засаг дарга, албаны хүмүүст хандан барилгын ажлыг өдөр бүр тогтмол хянахыг үүрэг болголоо.
Мөн долоодугаар сарын 1 гэхэд цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгасан байхыг онцгойлон анхааруулж, тогтсон хугацаанд чанар стандартын шаардлага хангасан хийж гүйцэтгээгүй байвал хариуцлага тооцно гэдгийг албаныханд сануулав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.