Сирид цэргийн цуваанд халдсан гэх мэдээллийг няцаав
Сирийн зүүн хойд нутгийн Дейр-эз-Зор мужид цэргийн цуваанд халдах үеэр Америкийн цэргүүд шархадсан гэх мэдээллийг Пентагон няцаасан байна.
“Тавдугаар сарын 26-нд Дейр-эз-Зор мужид явж байсан цэргийн цуваанд халдах үеэр Америкийн гурван цэрэг, SDF-ийн /Сирийн ардчилсан хүчин/ таван цэрэг шархадсан гэх мэдээлэл бол худал мэдээлэл юм. Ямар ч халдлага болоогүй” гэж Пентагоны төлөөлөгч Шон Робертсон мэдээлжээ.
Дээрх мужийн Рушид тосгоны ойролцоо болсон халдлагын үеэр гурван америк цэрэг шархадсан, халдлага үйлдсэн хүмүүс автомат буу, гар бөмбөг ашигласан гэж үүнээс өмнө Сирийн төрийн мэдлийн САНА агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.
АНУ цэргээ Иракаас Сири рүү шилжүүлэн байрлуулж байгаа тухай Сирийн хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ. Тус улсын Эль-Хасак, Дэйр-эз-Зор мужуудад үл мэдэгдэх отрядын цэргүүд Америкийн цэргүүд рүү халдсан тухай мэдээ сүүлийн хоёр сарын хугацаанд хэвлэлүүдэд тогтмол гарах болсон юм. Халдлагуудын нэгийнх нь үеэр Америкийн хоёр цэрэг сураггүй алга болсон бөгөөд тэдний хувь заяа одоог хүртэл тодорхойгүй байна.
Сирийн зэвсэгт мөргөлдөөн 2011 онд эхэлсэн билээ. Тус улсын янз бүрийн бүс нутгуудыг босогчдоос чөлөөлөх ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. АНУ-ын цэргүүд Эль-Хасак, Дейр-эз-Зор мужуудад байрлаж байгаа бөгөөд хүчээ нефть, хийн томоохон орд газруудын эргэн тойронд төвлөрүүлжээ.
Америкийн цэргүүд байрлаж байгаа нь улс орны бүрэн эрхт байдал болоод олон улсын бүх хууль дүрмийг зөрчиж байна гэж Сирийн эрх баригчид удаа дараа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.