ОХУ: Владимир Путин Ялалтын баярын парадыг зохион явуулах зарлиг гаргажээ
Шинэ коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор олон улсын томоохон наадам, спортын тэмцээн уралдаан ээлж дараалан хойшлогдож, мөн цуцлагдсаар байгаа. ОХУ-д тавдугаар сарын эхээр зохион байгууллагуудад ялалтын баярын парад мөн л ижил шалтгаанаар хойшлогдоод байсан юм. Тэгвэл Оросын ерөнхийлөгч ялалтын баярын парадыг зургаадугаар сарын сүүлээр тэмдэглэн өнгөрүүлэх зарлигт гарын үсэг зураад байгааг ТАСС агентлаг уламжиллаа.
Энэ жилийн ялалтын баярын парадыг зургаадугаар сарын 24-ны өдөр орон нутгийн цагаар өглөөний 10 цагт эхлүүлэхийг ерөнхийлөгч Владимир Путин зарлиг болгожээ. Москва хотын Улаан талбай төдийгүй Оросын бусад томоохон хотуудад эх орны дайны ялалтын баярыг тэмдэглэх юм. Энэхүү баяртай холбоотойгоор зургаадугаар сарын 24-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгохоор шийджээ. 2020 онд Нацизмыг ялсны 75 жилийн ой тохиож байгаа учраас энэхүү баярын үйл ажиллагаанд Оросын удирдагчид өндөр ач холбогдол өгч байгааг олон улсын хэвлэлүүдэд онцолж байна.
Зургаадугаар сарын 24-ны өглөө уламжлалт баярын парад болох бол харин тус өдрийн орой буюу үдшийн 22 цагт ёслолын буудлага хийх товыг гаргажээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү түүхт баярыг зохион явуулах бэлтгэлийг хангах үүрэг, даалгаврыг тус улсын Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуд даалгасан байна. Баярт оролцогчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарах хэрэгтэй сануулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.