Тэрүнофүжи: Зодог тайлъя гэж багшдаа 5 удаа хэлсэн

Тэрүнофүжи: Зодог тайлъя гэж багшдаа 5 удаа хэлсэн

Хүнд гэмтлийн улмаас жонидан зиндаа хүртэл унасан ч дээд зиндаанд эргэн гарч чадсан озэки асан Тэрүнофүжитэй Японы NHK телевиз онлайн ярилцлага хийжээ.

-Дахин дээд зиндаанд барилдах болсон сэтгэгдэл ямар байна?

-Доор арай л удаан барилдчихлаа гэсэн бодол төрдөг.

-Өвдөгний хүнд гэмтлийн улмаас зиндаа буурсан.

-Дээр нь чихрийн өвчин, элэгний С вирус, бөөр гээд гурван өвчин давхацсан юм. Яаж ч хичээгээд ямар ч бяр чадал гарахгүй, булчин ч сулраад эхэлсэн. Бага багаар эмчлүүлээд барилдсаар байлаа.

-Больё, зодог тайлъя гэж гэж бодож байв уу?

-Үнэнийг хэлэхэд озэки цолоо алдчихаад оякатадаа “Зодог тайлъя” гэж таван удаа хэлсэн.

-Ояката юу гэж хариулсан бэ?

-Багш эхлээд өвчнөө эдгээчих. Эдгэсний чинь дараа энэ сэдвээр ярилцъя гэж хэлсэн.

-Дээд зиндаанд дахин дэвшихэд ояката их үүрэгтэй байж дээ.

-Үнэхээр тийм.

-Башёгийн түрүү бөх, озэки жониданд унаж байсан түүх байхгүй.

-Озэки болоод ёкозүна цол хүртэх найдвартай бөхөд тооцогдож байсан болохоор нэр хүндийн асуудал ч байлаа. Энэ нэр хүнд, бардам зангаа хаяж, жониданд барилдаж чадах болов уу гэж бодсон. Хаяж чадаагүй болохоор сэтгэлд маш хүнд байсан. Дагуул, туслах бөх байхгүй. Ёстой л тэгээс дахин эхэлсэн дээ. Нэг танил минь “Чи өөрөө л бодоод шаналаад байгаа болохоос бусад хүн чамайг озэки асан яагаад ингэж доор барилдаж байна гэж огт бодохгүй байгаа. Бүгд л Тэрүнофүжи зүтгэж байна даа гэж ярьж байна” гэж хэлсэн юм.  

-Одоо ямар бэлтгэл хийж байна?

-Биеийн дээд хэсгээ голлон, хүчний дасгал голдуу хийж байна. Харин өвдөг одоогийн байдлаар 30 хувь л эдгэсэн. Ийм байдалтай л дахин дээд зиндаанд дэвшлээ. Дээд зиндаа хэцүү тул улам сайн бэлтгэл хийх хэрэгтэй.  

-Сүмочдыг гадуур гарахыг хориглосон хэвээр байгаа. Гэртээ юу хийж байна?

-Хуучны видео бичлэг үзээд л. Дасгалын дугуй худалдаж аваад өдөрт нэг цаг гаруй дасгал хийдэг.

-Та башёд түрүүлж байсан, озэки болсон бөх. Одоо өмнөө тавьж байгаа зорилгыг тань сонирхвол?

-Дээд зиндаанд гарч чадсаных одоо дахин унахгүй байх зорилготой. Ахмад бөх болчхоогүй байгаа тул залуу бөхчүүдийн нэгэн адил дохён дээр бужигнуулан, үзэж тарах хүсэлтэй байна.

-Эцэст нь фэнүүддээ хандан, үг хэлээч.

-Коронавирусний халдвартай хүнд хэцүү үе болж байна. Бөхчүүд бид бүгд ирэх тэмцээнд оролцох гээд хичээн зүтгэж, бэлтгэлээ базааж байна. Долоодугаар сарын тэмцээнд эргэн уулзацгаая.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.