“Шинэ короновирусний эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр сургагч багш бэлтгэнэ
Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын баг Увс аймагт ажиллаж байна. Тэд “Шинэ короновирусний эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр орон нутгийн хэмжээнд сургагч багш бэлтгэх, халдварын сэргийлэлт, хяналт, олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааны чиглэлээр орон нутгийн төлөөлөлд сургалт мэдээлэл хүргэх зорилготой иржээ.
Энэ хүрээнд аймгийн хэмжээнд 20 сургагч багш бэлтгэх бөгөөд бэлтгэгдсэн багш нар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр 19 суманд ажиллана.
Ажлын багийн гишүүд өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн онцгой комиссоос болон тусгай чиг үүргийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх үйл ажиллагаатай танилцлаа. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгийн хүрээнд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцон, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Увс аймгийн хувьд эрсдэлт бүсэд тооцогдож байгаа тул халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сулруулж болохгүйг ард иргэдэд анхааруулан, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.