Хятад коронавирустэй өвчтөний эмчилгээнд 3200-140 мянган ам.доллар зарцуулж байна

Хятад коронавирустэй өвчтөний эмчилгээнд 3200-140 мянган ам.доллар зарцуулж байна

БНХАУ-ын Засгийн газар шинэ коронавирусний халдвар авсан нэг өвчтөний эмчилгээнд дунджаар 23 мянга орчим юань буюу 3200 орчим ам.доллар зарцуулж байгаа тухай тус улсын Төрийн зөвлөлөөс өнгөрсөн ням гарагт нийтэлсэн “COVID-19-тэй хийж буй тэмцлийн талаарх Цагаан номд дурджээ.

“Тавдугаар сарын 31-ний байдлаар халдварын батлагдсан оноштой 58 мянган өвчтөний эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн үндсэн даатгалд хамруулжээ. Нийт зардал 1.35 тэрбум юань, нэг хүнд ногдох зардал 23 мянган юань байв” уг баримт бичигт дурдсан байна.

Өвчин нь хүндэрсэн өвчтөнийг эмчлэх дундаж зардал 150 мянган юаниас /21200 ам.доллар/ давсан бөгөөд зарим хүнд тохиолдолд 1 сая юань гаруй юань /141 мянган ам.доллар/ зарцуулсан байна. Энэ бүх зардлыг төрөөс гаргажээ.

Баримт бичигт тэмдэглэснээр, тавдугаар сарын 31 гэхэд Хятадын төв болон бүс нутгуудын засгийн газраас өвчтөнүүдийг эмчлэх болон халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг цар тахалтай тэмцэх бусад арга хэмжээг авахад 162.4 тэрбум юань буюу 22.9 тэрбум орчим ам.доллар хуваарилсан байна.

Энэхүү баримт бичигт 2019 оны 12 дугаар сарын 27-ноос энэ оны тавдугаар сарыг дуустал Хятадын Засгийн газрын халдварт өвчинтэй тэмцэх талаар хийж буй ажлуудыг дэлгэрэнгүй тусгасан байна. Түүнчлэн цар тахал болон түүний шалтгаануудтай холбоотой БНХАУ-ын Засгийн газрын байр суурийг тайлбарлажээ. Цагаан номд мөн цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, коронавирусийг судлах, бусад улс оронд туслах, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх, вакцин, эм гарган авах чиглэлээр Хятад улс ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.