АНУ-ын эрх баригчид COVID-19-ийн шинжилгээ өгөхийг жагсагчдад уриалжээ
АНУ-ын эрх баригчид өнгөт арьст иргэн Жорж Флойдыг нас барснаас хойш эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүст “COVID-19”-ийн шинжилгээ өгөхийг уриалжээ.
Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо муж улсдаа шинжилгээ авах 15 газрыг нээж буйгаа мэдэгдээд, эрсдэлтэй алхам хийхгүй байж, шинжилгээнд хамрагдахыг оршин суугчдадаа уриалсан байна.
Мөн Атланта, Сан-Франциско, Сиэтл хотын захирагч нар Э.Куомотой ижил уриалга гаргажээ.
Нью-Йоркт даваа гаргаас хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулах эхний үе шат эхэлж, 400 мянга гаруй хүн ажилдаа явж эхлэх төлөвтэй байгаа бөгөөд тэдний дийлэнх нь сүүлийн гурван сар орчмын хугацаанд анх удаа хүн ихтэй метрогоор зорчих юм.
Барилга, үйлдвэрийн ажилтнууд, бөөний худалдаа, жижиглэн худалдаа эрхлэгчид ажилдаа явж эхлэх бөгөөд дэлгүүрүүдийн хувьд зөвхөн утас юм уу цахимаар захиалга авч, хэрэглэгчдэд машинаасаа худалдан авах үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө.
Гэсэн хэдий ч хотын олон мянган зоогийн газар энэ сарын эцэс хүртэл хаалттай хэвээр байх ажээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар халдвар авсан хүний долоон сая давж, 402 мянга гаруй хүн нас барсан бөгөөд АНУ уг хоёр үзүүлэлтийн аль алинаар нь нэгдүгээрт жагсаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.