Их Британи: Жагсагчид боолын худалдаачны хөшөөг буулгажээ
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл АНУ-аар зогсохгүй дэлхийн бусад хотод өрнөсөөр байна. Их Британийн Лондон хотод л гэхэд олон мянган хүн гудамжинд жагсаал хийсэн бол Бристол хотод жагсагчид түүхэн хөшөөг буулгаж, нураасан үйл явдал өрнөжээ.
Английн Бристоль хотод 17-р зууны үед боолын худалдаа, наймаа эрхэлдэг байсан Эдвард Кольстоныг хөшөөг жагсагчид нураасан байна. Энэхүү хөшөө нь Бристоль хотын төвд 1895 он баригдсанаас хойш өчигдрийг хүртэл сууринаас нь хөдөлгөөгүй юм. Тэрээр хүүхэд, эмэгтэйчүүдийг оролцуулаад 80 мянган хүнийг Африкаас Америк руу боол болгохоор усан онгоцоор зөөвөрлөж байжээ. Эдвард Кольстон гэх энэхүү боолын худалдаачин 1721 онд нас барахдаа бүх хөрөнгөө буяны байгууллагад хандивлах гэрээслэл үлдээж байжээ. Бристоль хотод арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцсэн жагсаал ийнхүү боолчлол, дарангуйллыг эсэргүүцсэн тэмцэл болон өргөжиж байна. Харин үүнтэй ижил жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн Лондон хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадаа мөн болсон байна.
Энэхүү жагсаалд оролцогчид Их Британи улсад арьс, өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл элбэг байдаг гэдгийг хэлж байжээ. Их Британийн удирдагчид “Ковид-19” халдвар тархахаас сэргийлэх үүднээс иргэдийг олон нийтийг хамарсан цуглаанд оролцохгүй байхыг уриалж байгаа ч иргэд үл тоомсорлож байна. АНУ-ын Миннесота мужаас эхэлсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн Их Британи, Испани, Австрали төдийгүй Азийн орнуудад өрнөсөөр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.