ОХУ: Олон улсын нислэгийг ирэх сарын 15-наас эхлүүлнэ
Шинэ коронавирусний дэгдэлтийн улмаас улс орнууд агаарын тээврээр зорчих гадаад болон дотоодын нислэгээ зогсоогоод байгаа. Эдгээр орнуудын нэг болох ОХУ 7-р сарын 15-наас олон улсын нислэгийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Оросын иргэний агаарын онгоцууд эхний ээлжид 15 орон руу нислэг хийх юм.
Оросын Холбооны Агаарын Тээврийн Агентлаг Оросоос гадаад руу чиглэсэн нислэгийг ирэх сарын дунд үеэс эхлүүлэхээр болсон талаар ТАСС агентлаг дамжуулжээ. Эхний удаад ийнхүү нэр бүхий 15 улс руу нислэг хийхээр төлөвлөж байгаа бол цаашид ихэнх орон руу агаараар зорчих хөдөлгөөнийг нээх асуудлыг ч мөн давхар судалж байгаа юм. Оросын авиа компаниуд 07-р сарын 15-наас ямар улсууд руу нислэг хийх боломжтой болох талаар мэдээлэл одоогоор тодорхой бус байна. Дээрх орнуудын жагсаалтыг Оросын Холбооны Агаарын Тээврийн Агентлаг болон Хэрэглэгчийн Эрхийн Хамгаалах байгууллагууд хамтран гаргах юм.
Дашрамд дурдахад ОХУ-д өдөрт 9000 орчим хүн “ковид-19”-халдвараар өвчилж байна. Тус улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 467 мянгыг давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.