Зохион байгуулалттайгаар татан авсан иргэдийн тоо 10 мянга дөхлөө
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэл, орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр 161 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн бөгөөд гэрийн тусгаарлалтын хяналтыг чангатгаж байгааг Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв.
Энэ сарын 8-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Баянбайгаль, Баянхангай, Амар зэрэг амралт сувилал, зочид буудалд тусгаарлажээ. Тус нислэгээр 217 том хүн, 33 хүүхэд, 12 нярай хүүхэд эх орондоо ирсэн байна.
УОК, ГХЯ, ЗТХЯ, Шуурхай штаб хамтран 1 дүгээр сараас хойш гадаадын улс орнуудаас 63259 иргэнээ татан авчээ. Үүнээс зохион байгуулалттайгаар буюу 17 удаагийн тусгай нислэг болон төмөр зам, явганаар 9324 иргэнээ татан аваад байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, "Энэ сард үйлдэх тусгай нислэгүүдийн бэлтгэл хангагдаж байна. Өнөөдөр Нур-Султанаас ирэх онгоц 19:35 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай. Тус нислэгээр 175 иргэн эх орондоо ирэхээс 3 нярай хүүхэд байна.
Энэ сарын 17-нд Америкт байгаа иргэдийг түлхүү татах нислэгийг Сөүл хот руу үйлдэнэ. 18-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж БНСУ-д байгаа иргэдээ татна. 19-нд Франкфурт хот руу нислэг үйлдэж Европын орнуудад байгаа иргэдээ татна. Мөн энэ сарын 12-нд БНЭУ-ын Гоа хотоос тусгай нислэгээр лам хүүхдүүдийг авахаар бэлтгэл хангаад байна. Транзит зорчигчидтой холбоотой БНСУ-ын Хууль зүйн сайдын шийдвэрийн талаар ГХЯ Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ болон Сөүл дэх ЭСЯ-аараа дамжуулан дипломат шугамаар хамтран ажиллаж байна. Энэ сарын 17, 18-ны нислэгээс гадна дахин нэг нислэгээр Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ Сөүлээр дамжуулан татан авах санал тавьсан. Энэ асуудал урьдчилсан байдлаар нааштайгаар шийдэгдэх төлөвтэй байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.