Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн гамшиг, халдварт өвчний тархалт, эдийн засгийн талаар судлаачид хэрхэн таамаглаж, хэрхэн зөгнөж байсан бэ.
Шинжлэх ухаан хэдийгээр хүлээн зөвшөөрдөггүй ч дэлхий, байгаль эх амьтай гэдэгт би итгэдэг. Хүн гэдэг “ухаант” амьтан байгаль, хүрээлэн буй орчин, экосистемд, тодорхой хэлбэл газар хөрс, ус агаар, ой мод, өвс ургамал, амьтад, бичил биетнүүд гээд биологийн төрөл зүйлүүдэд, олон янз байдалд хэтэрхий харгис хандсан төлөөсөө өнөөдөр төлж байна. "COVID-19" бол бодит жишээ, бодит төлөөс. Тэгвэл хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн гамшиг, халдварт өвчний тархалт, эдийн засгийн талаар судлаачид хэрхэн таамаглаж, хэрхэн зөгнөж байсан бэ.
Цэнхэр гарагийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилээс жилд цар хүрээ нь тэлэх байгалийн гамшиг, халдварт өвчлөлийн тархалтад хүн төрөлхтөн сөхөрнө гэдгийг эрдэмтэд хэдэн арван жилийн өмнөөс таамаглаж байв. Харин одоо бидний ирээдүй нүдний өмнө бодитоор харагдаж, таамгууд биелсээр. Канадын хойд нутгийн үндэстэн Арктикийн мөс эрчимтэй хайлахыг харж байгаа амьд гэрчүүд болж байна. 2019 оны байдлаар ганцхан өдрийн дотор Гринландын мөсөн хучлага 11 тэрбум тонн хэсгээ алдсан түүх бичигдэв. Азийн өмнөд хэсгийн болон Латин Америкийн оршин суугчид аймшигтай хар шуурга, үерийн гамшгийг биеэрээ мэдэрлээ. Дэлхийн цаг агаарын дулаарал энэ чигээрээ үргэлжилбэл ирэх зуун хүрэлгүй хүн төрөлхтөн мөхөлд хүрэх аюул нүүрлэж болзошгүй хэмээн судлаачид зөгнөсөн. Зөвхөн цаг агаарын хүчтэй үзэгдлийн улмаас сүүлийн 10 жилд дэлхийн эдийн засагт 400 тэрбумаас хол давсан ам.долларын хохирол учраад байна.
Монголд ч ялгаагүй байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлснийг батлах маш олон үзүүлэлт, судалгаа гараад байна. Уур амьсгалын өөрчлөлт өндөрлөг газрын Монголд бусдаас илүүтэй нөлөөлж байгаа төдийгүй 2,6 градусаар дулаарсан мэдээ бий. Дулаарал энэ эрчээрээ үргэлжилбэл Монгол орон аажимдаа зун болон өвлийн улиралгүй болно гэсэн ёозгүй таамаг дэвшүүлчихлээ. Азнаад нэг бод доо. Зуны гуравхан сарын өглөө, үдшийн цаг агаар хавар, намар аятай сэрүүсч, “хөлдөөх” шахдаг, зарим өдөр нь “шатаах” дөхдөг өдрүүд олширлоо. Дүн өвлийн жавар холдож, цастай, цантай өдрүүд цөөрсөөр байгаа нь улирал улирлын өнгө өөрчлөгдсөний нэг жишээ.
Ичигсэд сэрэх, шувууд өндөглөх, газар гэсэх байгалийн тогтсон хугацаа бага багаар өөрчлөгдсөөр байгааг судалгаагаар тогтоогоод байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой Отгонтэнгэр хайрхны, Алтай Таван Богд, Хэнтийн сүрлэг уулс, сардигуудын оройн мөнх цас хайлж, мөсөн хучлага нь нимгэрсээр, огшсоор байгааг анзаарч байна уу. Мөнх цаст уулсаас эх аван урсдаг Хархираа, Түргэний голуудын усны түвшин нэмэгдсээр байгаа нь өндөр уулсын цас, мөсний хайлах түвшин зунаас зунд нэмэгдэж байгааг илтгэнэ.
Дэлхийн уур амьсгал яг одоогийнх шиг ийм халуун байсангүй. Өнгөрсөн 30 жилд дулаарал маш эрчимтэй явагдсанаас амьтны аймгийн 10-50 хувь нь устах аюулд хүрчээ. Одоогоор гэхэд амьтны аймгийн 80 гаруй төрөл зүйл өөрийн амьдардаг нутаг дэвсгэрээс нүүж, дайжиж эхэлснийг тогтоолоо. Тээврийн хэрэгсэл болон эрчим хүчинд ашигладаг чулуужсан нүүрснээс үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийн тархалт нэмэгдсэнээр 2050 он гэхэд дэлхийн цаг агаар 2-6 градусаар дээшилсэн байна гэв. Хэрэв ингэж хэт дулаарвал үлэг гүрвэлийн амьдарч байсан эрин үеэс хойш үзэгдээгүй цаг агаарын онцгой байдал тулгарч, экологийн тэнцвэр алдагдана гэж эрдэмтэд анхаарууллаа.
Хэт их дулаарал Африк, Австрали, Бразил, ОХУ, Канад, Хятадын томоохон нутаг дэвсгэр, мөн Монголыг хамраад байна. Уур амьсгал өөрчлөгдөж байгаатай холбоотой Атлантын далайн Хар салхины улирлын үеэр гэхэд урьд өмнө тохиолдоогүй олон буюу 27 төрлийн аймшигтай хар салхи дэгдсэн түүх бичигдэв. Борооны улиралд хур тунадас бага орсноос Африкийн зарим орнууд үр тарианы ургац алдаж, олон сая хүн өлбөрч үхэхдээ тулсан тохиолдол нэгээр тогтсонгүй. Австрали тивд нийт нутгийнх нь бараг тал хувьд жилийн дундаж тунадасны хэмжээ огцом буурчээ. Ийн хуурайшиж, чийг багассантай холбоотойгоор Австрали өнгөрсөн жил хэрхэн шатсаныг санаж байгаа биз ээ. Асар их хохирол амсуулсан ойн түймэртэй холбоотойгоор олон орны байгаль хамгаалах чиглэлийн байгууллагаууд, эрдэмтэд “Авсрали экосистемээ ирээдүйдээ бүрэн бүтнээр нь үлдээхийг хүсвэл нүүрсний олборлолтоо багасгах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна.
Экосистемийн тэнцвэрт байдал алдагдсанаар дэлхийн эдийн засаг XXI зуунд уналтад орно гэж олон жилийн өмнө эрдэмтэд анхааруулж байсан нь өдгөө бодит таамаг болон “амилсаар”. Халдварт өвчний тархалт, ган, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хэдий хэрээр нэмэгдэнэ төдий хэрээр улс орнууд эдийн засгаараа хохирч байна. Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Жарро “Уур амьсгал, ган, үер, элсэн шуурга, өлсгөлөн, ойн түймэр зэрэг нь бүгд өөр хоорондоо холбоотой. Сүүлийн үед эдгээр нь дэлхийн хүнсний аюулгvй байдалд нөлөөлж эхэллээ” хэмээн онцолжээ.
Дахиад нэг жишээ. Монгол Улсын уул уурхайн салбарын гол хүч төвлөрсөн говийн аймгуудад элсэн шуурга, ган, зудын давтамж жилээс жилд нэмэгдсээр байгаад судлаачид зовниж байна. Ховорхон үзэгддэг “Угалз” шороон шуурга байсгээд босдог болсон нь ховор амьтан, ургамлаар Монголд төдийгүй дэлхийд тэргүүлж данслагдсан говийн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж эхэлсний бас нэг баталгаа. Энэ мэтээр алхам тутамд биеллээ олсоор байгаа таамаг, баримтууд бидэнд байгаль дэлхийг, экосистемийг, биологийн олон янз байдлыг нүдний цөцгий мэт чандлан хамгаалж, хайрлан хадгалах ёстойг ухаарахад хангалттай нотолгоо биш гэж үү. Үнэндээ бид, эх байгальдаа харгисаар хандсан төлөөсөө дөнгөж л төлж эхэлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.