Н.Идэрмөнх: Би хөтлөгч биш дуулалтаараа илүү танигдахыг хүсдэг
Шоу бизнесийг бараг утгаар нь хөгжүүлж байгаа улс бол Солонгос. 50 гаруй сая хүнтэй БНСУ-ын дууны уран бүтээлд Монгол залуу өрсөлдөж буйд элэг нэгт бид тун сэтгэл хангалуун байна. Тэр бол Ням-Очирын Идэрмөнх. Тэрбээр тус улсын нийслэл Сөүл хотноо гэр бүлийнхэнтэйгээ ажиллаж, амьдарч байна. Хэдхэн хоногийн өмнө “Кпоп” уралдаан болоход түрүүлж, Монголчуудынхаа анхааралд илүү орсон болохоор ийнхүү онцолсон юм.
-Юуны өмнө танд саяхан болж өнгөрсөн “Кпоп” шоуны ялагч болсонд баяр хүргэе. Үүнд та өөрөө шийдвэр гаргаж оролцсон уу. Эсвэл хэн нэгний ятгалга байв уу?
-Баярлалаа. БНСУ-ын холимог тулааны "ROAD FC" холбоонд тулалдаж буй М.Нандин-Эрдэнэ гэдэг найз маань дээрх шоуны зохион байгуулагчидтай намайг холбож өгч, оролцох боломж маань нээгдсэн. Энэ удаагийн уралдаанд АНУ-аас хоёр, Чили, БНХАУ, Филиппин, Монголоос тус бүр нэг оролцогч өрсөлдсөн.
-Үүнд оролцоход хэр удаан хугацааны бэлтгэл хийсэн бэ. Өмнөх дугааруудыг нь мэдээж үзсэн байх ...
-Анхны шалгаруулалтаас эхлээд хоёр сар хэртэй хугацаанд бэлтгэл хийсэн. Гэхдээ өмнөх дугааруудыг үзээгүй ээ. Уралдаан эхэлсний дараа өмнөх дугаарууд нь гарч эхэлж байсан.
-Дууны сонголтоо та өөрөө хийсэн үү?
-Тийм ээ, би өөрөө сонгосон. Им Жэ Бомын “Чиний төлөө” дуунаас гадна өөр хэд хэдэн дуу дуулж, шалгаруулалт хийж байгаа хүмүүс рүү явуулсан. Ийнхүү тэд “Чиний төлөө” дууг уралдааны үеэр дахин дуулуулах санал тавьсан.
-Солонгос, Монголоор дуулж байсан. Монгол орчуулгыг нь та өөрөө хийсэн үү?
-Эхний хугацаанд зохион байгуулагчдаар нь орчуулуулсан. Дараа нь Монгол орчуулагч нараар хянуулсан. Яг Монголоор орчуулж боломгүй үг ч гарч байсан. Тэр үед би бусад Монгол нөхөдтэйгөө ярилцаад тохирох үгийг нь сонгосон.
-Солонгос хэлийг сайн эзэмшсэн бололтой харагдсан. БНСУ-д очоод хэдэн жил болж байгаа вэ?
-Яг 10 жил болж байна. Төрөлх эх оронд нь амьдарч байгаа болохоор улам сайн сурахыг хичээж байгаа. Одоо ч сурсаар л байна.
-Хэдэн жилийн өмнө дуучин С.Гантогоо Солонгост уран бүтээлээ эхлүүлж, залуучуудын анхаарлыг татаж байсан. Харин энэ удаа та болж байна. Ер нь Солонгосын дууны уран бүтээлд гадны уран бүтээлчид цахиур хагалах тохиолдол хэр элбэг байдаг вэ?
-Одоогоор “Кпоп” төрөлд цахиур хагалаад гарч ирсэн гадны орны уран бүтээлч алга. Гэхдээ Хятад Солонгосын эрлийз, Хятад Европын эрлийз залуучууд уран бүтээл хийж байгаа. Мөн хамтлагуудад өөр орны залуучууд ч гишүүн болсон тохиолдол хэд хэд бий.
-Солонгост таны оролцсон анхны уралдаан хэдэн онд болсон бэ. Одоог хүртэл нийт хэдэн уралдаанд өрсөлдөв?
-2011 онд анх удаа оролцохдоо сая болж өнгөрсөн уралдаанд түрүүлэхдээ дуулсан “Чиний төлөө” дууг дуулж байлаа. Тэр цагаас хойш маш олон уралдаанд оролцож, байр эзэлсэн. Эхний жилүүдэд хаана л дууны уралдаан болно тэнд явж очдог байв.
-Байр эзлэхэд шагналын сан хэд орчим байдаг вэ?
-Янз бүрдээ. Миний оролцсон нэг тэмцээн түрүүлсэн оролцогчдоо 10 сая вон гардуулж байсан. Тэр бол миний харсан хамгийн өндөр шагналтай уралдаан байв. Гэвч би түрүүлж чадаагүй ээ. Тэр тэмцээнд 1000 орчим оролцогч өрсөлдөж, би шилдэг наймд шалгарсан. Тийнхүү гала тоглолтод оролцох эрх, тусгай шагналын эзэн болсон. Харин миний авч үзсэн хамгийн өндөр мөнгөн шагнал гэвэл хоёр сая вон байсан.
-Монголд байхдаа Солонгос хэлийг хэрхэн сурсан байсан бэ. Үндсэн мэргэжил тань юу вэ?
-Монголоос БНСУ-д ирэхдээ би гэрээгээр ажиллах зорилготой байсан. Тухайн үеийн хүмүүсийн адил шалгалт өгөхийн тулд сар орчим хугацаанд л Солонгос хэлний сургалтад суусан. Солонгост ирэхдээ тоотой хэдхэн үг л мэддэг байлаа. Одоо би бизнесийн удирдлага болон дуулаач гэсэн хос мэргэжлээр сурч байгаа.
-Одоо та ямар байгууллагад ажиллаж байна вэ?
-Миний үндсэн ажлын гараа одооноос л эхэлж байна. IT компанид ажиллаж байгаа.
-Гэрээгээр ажиллах зорилготой байсан хүн уран бүтээлч болсон түүхээ сонирхуулаач ...
-Хэдийгээр гэрээгээр ирсэн ч уран бүтээлч болох, өөрийнхөө авьяасыг нээх боломж хэнд ч нээлттэй байдаг. Тэгэхийн тулд хэл сайн сурах, оролцсон тэмцээнүүддээ амжилт гаргах шаардлагатай. Анх Сэжүний их сургуульд бизнесийн удирдлагаар элсч орохдоо давхар мэргэжлээр сурч болдог юм байна гэдгийг мэдээд дээрх хоёр мэргэжлээр сурч байна даа. Энэ жил төгсөнө. Сургуулиа төгссөний дараа Солонгосын эрдэм мэдлэгтэй багш, томоохон уран бүтээлч, студитэй хамтран ажиллах боломжтой юм байна гэдгийг ч олж харсан. Одоогоор тэдгээр хүмүүсийн төлөөлөлтэй хамтарч хоёр уран бүтээл гаргасан.
-Гэрээнийхээ дагуух ажлыг хийхгүй уран бүтээлч болоход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ. “Өөр юм хөөгөөд аль ч үгүй болох вий гэсэн” зэмлэл ирж байсан уу?
-Аав ээж маань намайг бага байхын л “Юу хийх сонирхолтой байна вэ. Түүнийгээ л дага” гэдэг байсан. Тэр зарчмаараа намайг энэ удаад ч дэмжиж, урам өгч байсан. Мөн эхнэр маань ирээдүйн зорилгод хүч нэмсээр байна.
-Таныг Солонгосын зарим хотод болдог арга хэмжээг урилгаар хөтөлдөг гэж сонссон. Тийм завшаан анх яаж нээгдсэн бэ?
-Солонгост ирсэн цагаасаа ямар нэгэн арга хэмжээг хөтөлж, энэ авьяасаа хөгжүүлэхийг хичээсэн юм. Дуулахдаа дуулж, хөтлөх боломж гарвал алдахгүйг хичээж ажиллаж байна. Гэтэл хүмүүс надад нэг хэсэг “Хөтлөгч” гэсэн нэр өгсөн байсан. Уг нь би хөтлөгч биш дуугаараа танигдахыг хүсдэг.
-Мөн таныг уран бүтээлчдийн тухай нэвтрүүлэг хийх гэж байгаа гэж дуулсан. Энэ тухай сонирхуулаач ...
-Энд mkor.mn сайт байгуулагдсан. Үүнд “mkor” нэртэй ярилцлагын ток шоу байдаг бөгөөд би туслах найруулагчаар хамтран ажилладаг. Анхны зочноор тулаанч М.Нандин-Эрдэнэ найзыгаа урьж байлаа. Сард нэг удаа хийгддэг шоу. Солонгост ажиллаж, амьдарч буй Монголынхоо мундаг залуусыг урьж оролцуулж байх зорилготой.
-Солонгосын аль нэг продакшнтай хамтарч ажилладаг уу. Тийм бол хэдэн жилийн гэрээ хийсэн байгаа вэ. Гэрээ нь чухам ямар тохиролцоогоор хийгддэг вэ?
-Сая болж өнгөрсөн шоуны дараа би продюсертойгоо хамтарч нэг дуу хийсэн. Тэр продюсер маань өөрийн гэсэн продакшнтай. Гэхдээ одоогоор албан ёсны гэрээ хийгдээгүй ч удахгүй гарын үсэг зурагдах болов уу. Сонирхуулж хэлэхэд Солонгост уран бүтээл хийж эхлэх гэж байгаа залуу уран бүтээлчид шууд мөнгө аваад ажилладаггүй юм билээ. Тухайн продюсер, продакшн нь уг уран бүтээлчээ олон нийтэд таниулахын тулд стиль имиж, хувцаслалт, сурталчилгаа зэрэгт асар их мөнгө зарцуулдаг юм байна. Ингэсний дараа тухайн уран бүтээлч олонд танигдвал гэрээнийхээ дараагийн үе шат руу ордог гэсэн. Жишээ нь нэг клип хийхэд л 100-300 сая төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний төсөв шаардагддаг гэдгийг сонссон.
-“Кпоп” шоуны дараа Солонгос бүсгүйчүүд хайрын мессеж бичиж байна уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Шоуны үеэр гэр бүлийнхээ талаар би ярьсан болохоор бүх зүйл ойлгомжтой байх. Бичлэг маань youtube-д байршсаны дараа сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь Солонгосчууд байсан. Эерэг сэтгэгдэл төрүүлэхүйц комент үлдээсэн байсан шүү.
-Та шүлэг бичдэг юм билээ. Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар таны шүлгээр бүтсэн “Хайр гэрэлтсэн харц” дууг дуулсан байсан. Гэхдээ A Cool шүлгийг нь бичсэн гэсэн. Энэ талаар залруулга хэлнэ үү. Тэр хоёр дуучин ч гэсэн таниас зөвшөөрөл авалгүйгээр дуулсан гэх юм билээ …
-Энэ асуултад нэлээн юм ярьж болохоор байна шүү. Би Улаанбаатарт байхдаа энэ дууныхаа шүлгийг биччихээд аяыг нь хийсэн залуутай найзаараа дамжуулж танилцаж байлаа. Тодорхой хэмжээний урамшуулал хүртэл өгч аяыг нь хийлгэж билээ. Гэвч би Солонгос руу явахаар болж, тэр дуугаа бичүүлж амжилгүй орхисон. Тийнхүү хөгжмийн зохиолч маань Ц.Мөнхбат, М.Үүрцайх нараар дуулуулсан байсан. Үүнд би буруу өгөхгүй ээ. Би өөрөө дуулж амжаагүй юм чинь. Харин миний шүлгийг A Cool өөрийнхөө нэрээр гаргасан байсан нь эвгүй сэтгэгдэл төрүүлсэн шүү.
-Монголдоо хэзээ ирэх вэ. Эх орондоо очоод үндсэн мэргэжлээрээ ажиллах уу. Эсвэл уран бүтээлчийн замналаар амьдрах уу?
-Уран бүтээлээ үргэлжлүүлнэ ээ. Миний дараа дараагийн уран бүтээлийн хуваарь гарчихсан байгаа учир тэдгээр дуугаа олон нийтэд хүргэхийг маш их хүсч байна. Эхлээд Солонгос дуу нэлээн дуулах төлөвлөгөөтэй байгаа. Дараа нь Монгол дуугаа дуулна аа.
-Солонгост гэрээгээр ажиллаж байгаа ч тань шиг уран бүтээлч болох гэсэн Монгол залуус хэр их байдаг вэ. Тэдэнд хамгийн их тулгамддаг зүйл юу вэ?
-Их байгаа шүү. Би Солонгост ирээд “Эх хэлээрээ дуулъя” нэртэй уралдаан зохион байгуулахад маш олон хүн оролцсон. Тэдэнд хамгийн их тулгамддаг зүйл бол тасралтгүй ажиллаж байгаа нь. Уран бүтээл хийх зав тун хомс. Мөн таних хүн байхгүйгээсээ болж, хэнд, хаана хандахаа мэддэггүй.
-Ярилцсанд баярлалаа.
Нийтэлсэн: У.Баярсайхан
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.