Ирэх намар цэцэрлэгт хамрагдалт 98 хувьд хүрнэ
Дархан-Уул аймагт 2-6 насны 9823 хүүхэд байдгаас төрийн болон хувийн хэвшлийн 45 цэцэрлэгийн 269 бүлэгт 8400 хүүхэд суралцаж байна.
Манай аймгийн хүн амын тоо өсөн нэмэгдэхийн хирээр орон нутгийн зүгээс боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийж ирсэн. Үүний тод жишээ нь 2017-2020 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд СӨББ-ын салбарт Улсын болон орон нутгийн төсвийн 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийг өргөтгөх, засварлах, шинээр барьж байгуулах, цэцэрлэгийн ашиглагдахгүй байсан бүлгийг засварлан цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна.
Тухайлбал: 2017-2019 онд 5,8,9 дүгээр багт 375 хүүхдийн 3 цэцэрлэгийг 3,5 тэрбум төгрөгөөр шинээр барьж, 10 дугаар багт Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 350 сая төгрөгөөр цэцэрлэгийн зориулалтаар засварлан 150 хүүхдийн ортой 28 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулсан байна.
Мөн Дархан сумын 3,6,7,12 дугаар багт шинээр 500 хүүхэд хүлээн авах боломжтой 4 цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэжээ. 2020 онд Дархан сумын 4 дүгээр багт оршдог хуучин Прокурорын барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар улсын төсвийн 419 сая төгрөгөөр их засвар хийж хүүхэд багачуудаа хүлээж авахад бэлэн болоод байна.
15 дугаар баг, Өргөө баг, Хонгор суманд нийт 400 хүүхдийн хүчин чадалтай гурван цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажилласнаар Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 47 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах боломжтой болж, хамрагдалт 98,8 хувьд хүргэхээр ажиллаж байна. 2015 онд 4 бүлэгт 130 хүүхдийн хүчин чадалтайгаар нээгдэж байсан 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөл өнөөдөр нээлтээ хийсэн аж. Ингэснээр 4 бүлэг шинээр нэмэгдэж 230 хүүхдийг хүлээн авах боломжтой болжээ.
Жил бүр сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэнээр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломж бүрдэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.