Канадын олон мянган иргэн тэтгэмжийн мөнгөө буцааж өгнө
Канадын 190 мянга орчим иргэн коронавирусний цар тахлын улмаас олгогдсон тэтгэмжийн мөнгийг эргүүлэн өгөх ёстой гэж тус улсын Татварын алба мэдэгдсэн байна. Үүнд коронавирусний үр дагаврын улмаас хохирол амссан иргэдэд зориулсан тусгай санг хууль бусаар ашигласан иргэд хамаарах аж.
Эрх баригчид цар тахлын улмаас цалин мөнгөгүй болсон иргэдэд 3 дугаар сараас 6 дугаар сарын хугацаанд 2 мянган канад долларын тэтгэмж олгож байжээ. Зарим иргэн эхлээд хууль ёсны дагуу санхүүгийн тусламж авч байсан хэдий ч хожим нь ажилд орсноо мэдэгдэлгүйгээр тэтгэмжийн мөнгийг авч байжээ.
Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ард иргэд, үндэсний эдийн засагт үзүүлэх тусламжийн хөтөлбөрүүдэд зориулж 107 тэрбум канад доллар буюу 80 тэрбум орчим ам.долларын санхүүжилт олгож байгаагаа Канадын Засгийн газар 3 дугаар сард мэдэгджээ. Тухайлбал, ажилгүй болсон иргэд 4 сарын хугацаанд 2 мянган канад долларын тэтгэмж авч байсан аж. Энэхүү тусламжийн хөтөлбөрийг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо түүхэндээ байгаагүй дэмжлэг үзүүлэх арга хэмжээ хэмээн мэдэгдэж байжээ.
Канадад коронавирусний халдварын анхны тохиолдол 1 дүгээр сарын 15-нд бүртгэгджээ. Одоогоор тус улсад халдварын 97 мянга гаруй бүртгэгдэж, 8 мянга орчим хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.