Нурсултанаас ирсэн дөрвөн иргэн онгоцондоо "суулт" хийжээ
Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн зорчигч алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, нэлээд төвөг уджээ. Шалтгаан нь тэдгээр иргэд Улаанбаатарт ирэхийн өмнө хоёр хоёроороо өөр өөр тусгаарлах байранд байх захиалга өгчээ. Гэтэл энд ирээд "нэг тусгаарлах байранд дөрвүүлээ хамт байна" гэж зөрүүдэлсэн байна. Алба хаагчид анх захиалга өгсөн тусгаарлах байрандаа л очих боломжтойг сануулсан боловч тэдний үгийг үл тоож, оройн 23.00 цаг хүртэл онгоцноос буугаагүй аж. Тухайн үед цагдаагийн алба хаагчид хэв журмыг сахиулж, иргэдийг тусгаарлах байранд хүргэжээ.
Сануулахад, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг зургаадугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Энэхүү тусгай үүргийн онгоцоор Монгол Улсаас нутаг буцах боломжгүй байсан Казахстан улсын 79 иргэнийг эх оронд нь хүргэж өгсөн билээ.
Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан 175 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 иргэн иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.