Дүүжин зам төслийн ажлын баг бэлтгэл ажлыг хангана
Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах зорилгоор "Агаарын дүүжин замын тээвэр" төслийг хэрэгжүүлнэ. Төслийн санхүүгийн хэлэлцээрийг Франц, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулахыг УИХ зөвшилцөн батлаад байгаа юм.
Тодруулбал, дээрх хэлэлцээрийг УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн санал дүгнэлтээ гарган Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өнгөрсөн сарын 8-нд зөвшилцөн улмаар 5 дугаар сарын 14-нд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийг 62.7 хувийн саналаар соёрхон баталсан юм.
Төслийг Франц улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60.7 сая ам.доллар юм. 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй энэхүү төслийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн Засаг дарга А/198 тоот захирамж гарган ажлын хэсэг томилон төслийн бэлтгэл ажил хийж байна.
Төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц улсын “Пома” компанитай хамтран хэрэгжүүлэх юм. Төслийн албан ёсны нэр нь “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх”. Бэлтгэл ажил 4 дүгээр сараас эхэлсэн ч дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан мэргэжилтнүүдийг хүлээн авах зэрэг ажил хүндрэлтэй байгаа ч төслийн ТЭЗҮ-г боловсруулах зэрэг бичиг баримтын ажил үргэлжилж буйг нийслэлээс мэдэгдэж байна.
Эргэн дурдахад төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн 2 чиглэлд дүүжин зам тавьж ашиглалтад оруулна. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол 2 дахь чиглэл нь Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой байх юм.
Төслийн гол зорилгын дахин дурдахад нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэсэн юм.
Улаанбаатар дөрвөн уулын дунд оршдог учир нийтийн тээвэр хүрч чадахгүй олон чиглэл байгаа учраас агаарын дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх нь оновчтой гэдгийг Монгол, Францын эрдэмтэд анх шийджээ. Агаарын дүүжин тээвэр нь цас ихтэй, уулархаг газруудад зориулсан технологи аж. Дэлхийн олон хот үүнийг нийтийн тээвэрт ашиглаж байгаа бөгөөд цаг агаарын хувьд -50, +50 хэмд хэвийн ажилладаг байна.
Үүний өмнө төслийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төслийг хэрэгжүүлэх Франц улсын "Пома" группын төлөөлөгчидтэй уулзаж санал солилцож байв. Уулзалтын үеэр "Пома" группын дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн Фелли Фабиан тэргүүтэй төлөөлөгчид болон нийслэлийн Зам тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нартай мөн санал солилцсон юм. Уулзалтын үеэр энэхүү төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газарт дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлж байв.
Тодруулга: Cable car буюу агаарын дүүжин тээвэр нь дотроо
- Агаарын трамвай
- Суудалт өргөгч
- Фунител
- Цанын өргөгч
- Гондола өргөгч зэргээр ялган нэрлэж ашигладаг байна.
Үүнээс агаарын трамвай нь цагт 3000 хүн тээвэрлэх хүчин чадалтай, өдөр дунджаар 40 мянга орчим хүн тээвэрлэдэг аж.
Гэрэл зургийг Н.Батбаяр
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.