Ахмад настнууд халдвар авах нь их байна
Дэлхий дахинд АНУ, Бразил, ОХУ гурав коронавирусний халдварын тоогоороо тэргүүлсээр байна. Бразилд сүүлийн таван өдрийн хугацаанд 100 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. ОХУ-д мөн халдварын тоо нэмэгдэж, нас баралт 6358 болсон байна.
Зүүн Өмнөд Азийн бүсэд Энэтхэгт 9985 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 276500 гаруй болжээ. Сингапурт нийт 38900 гаруй хүн өвчилж, “Ремдезивир” тарилгыг коронавирусний халдварын тархалттай холбоотой онцгой нөхцөл байдалд хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.
Японд хоногт гурван нас баралт, 30 дотоодын халдвар, 15 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Тус улсад халдвартай 1026 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 91-ийнх нь биеийн байдал хүнд байна.
Өмнөд Солонгост хоногт 46 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүмүүдээс голомттой тохиолдол 92 болсон бол эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг гэрээр хүргэдэг төвөөс голомтолсон халдвар 106 болжээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь 60-аас дээш насныхан байгаа аж. Түүнчлэн цахим худалдааны ложистик төвөөс голомттой халдварын нийт тоо 144, ширээний теннисний клубээс голомтолсон халдвар 56 болсны дийлэнх нь өндөр настнууд байгааг Өмнөд Солонгосын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс онцгойлон анхааруулсан байна.
ДЭМБ дэлхий дахинд хандан анхаарлаа сулруулж болохгүйг сануулсаар байгаа юм.
Мөн АНУ-ын Баруун Виржиниад дөрвөн сүмээс үүдэлтэй голомтолсон халдвар тархаж байгаа бөгөөд хоёр дахь давлагаа гарах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. АНУ-д шүлсэнд эсрэг бие илрүүлэх оношлуур гаргаж, иргэд гэртээ өөрийгөө оношлох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.