С.Баяр, С.Бямбацогт нарын шүүх хуралдааныг энэ сарын 18 хүртэл хойшлуулжээ
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох, шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргийн талаар ШЕЗ-өөс өчигдөр зохион байгуулсан "Нээлттэй шүүх" хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Тухайлбал, Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 16-ны 11.00 цаг хүртэл хойшлуулсан байна. Шүүх хурал энэ сарын 11-ний 11.00 цагт болохоор зарласан ч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар шүүн таслах ажиллагааг үл хүндэтгэн саад учруулж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул цагдан хорихоор шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяа мэдээлэв.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтаст хэргийг энэ сарын 3-нд хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ сарын 16-ны 10.00 цагт дахин шүүхээр товложээ.
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүх хуралдаан 2 удаа хойшилж, энэ сарын 29-ний 10.00 цагт товлосон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтын зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг юм.
С.Баяр, С.Бямбацогт нарт холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 6-нд яллагчийн шүүхэд шилжүүлэх хугацааг сунгаж, тавдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг энэ сарын 15-ны 09.00 цагт болохоор товолжээ. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авсан. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулж, энэ дугаар сарын 18-ны 09.00 цагт товложээ.
Тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнө нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн.
Мөн Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, энэ сарын 17-ны 14.00 цагт товлосон байна. Шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нараас авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт болон бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. НПГ-аас Н.Номтойбаяр нь төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр хуулийн байгууллага шалгаж байсан юм.
НПГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. Одоогоор шүүх хуралдааны тов зарлагдаагүй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.