УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын шүүх хурлыг энэ сарын 22 хүртэл хойшлууллаа. Ингэхдээ түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өмгөөлөгчөөсөө татгалзаж, өөр өмгөөлөгч авах болжээ. Иймд түүний өмгөөлөгчийг хэрэгтэй танилцах боломжийг бүрдүүлэх үүднээс хуралдааныг хойшлуулсан байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь "Улаан сайр-2"-ын 1462.82 га талбайг 2017 оны 12 дугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байсан. Уг асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж, улмаар шүүхийн шатанд шилжээд буй юм.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан энэ сарын 11-нд эхэлсэн хойшилсон юм. Энэ үер шүүх хуралд Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалгаангүй атлаа ирээгүй, Ж.Эрдэнэбат нь өнгөрсөн сарын 15-наас буюу хэрэг шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг энэ сарын 13-нд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид саатуулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.