Ялалтын баярын 75 жилийн ойд оролцох монгол цэргүүд Москва хотноо хүрэлцэн очив
Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-нд Москва хотноо хүрэлцэн очжээ.
Улаан талбайд энэ сарын 24-нд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монгол Улсын бие бүрэлдэхүүнийг ОХУ-ын Агаар-сансрын хүчний Ил-76 онгоцоор Москва хотноо хүргэсэн байна.
Covid-19 цар тахалтай холбоотой хойшлуулсан баярын жагсаалыг 6 дугаар сарын 24-нд зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Энэ дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг ялалтын баярын цэргийн сүрт жагсаалд оролцохыг урьсан юм.
Монголын бие бүрэлдэхүүн 3 удаагийн шинжилгээгээр Covid-19 халдваргүй болох нь тогтоогдож энэ сарын 15-наас ОХУ-ын БХЯ-ны харьяа сувиллын газарт байрлан бэлтгэлээ эхэлжээ.
Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад 19 орны цэргийн алба хаагчид оролцох бөгөөд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэл хийхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.