ОХУ-ын 17 бүс нутаг Ялалтын парадаас татгалзжээ

ОХУ-ын 17 бүс нутаг Ялалтын парадаас татгалзжээ

ОХУ-ын дөрвөн бүс нутгийн эрх баригчид коронавирусний улмаас Ялалтын баярын парад зохион байгуулахаас татгалзаж буйгаа мэдэгдэв. Ингэснээр нийслэлдээ парад зохион байгуулахаас татгалзсан бүс нутгийн тоо 17 болж байна.

 

Зургадугаар сарын 14-ний даваа гарагт Бүгд Найрамдах Удмурт Улс, БНСахУ /Якут/, мөн Челябинск болон Пенза мужийн эрх баригчид зургадугаар сарын 24-нд Ялалтын баярын парад зохион байгуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Үүнээс өмнө 10 гаруй бүс нутгийн захиргаа энэ сарын 24-нд товлосон баярын парад, жагсаалыг цуцалсныг мэдэгдсэн байна. Доод Тагил, Пятигорск хотуудын дарга нар парадаас татгалзжээ. Харин Белгород, Курск, Перм хот баярын арга хэмжээг найм эсвэл есдүгээр сард зохион байгуулахаар шийдсэн бол Пенза, Якут зэрэг газрууд шинэ өдрийг товлоогүй байна.

Бүс нутгуудын эрх баригчдын гаргасан шийдвэрийг Кремль “маш сайн ойлгож байгаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлжээ. “Энэ нь цар тахлын аюултай холбоотойгоор тэдэнд олгосон хамгийн онцгой эрх юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын Ерөнхийлөгчийн зарлигаар парад явуулах хотууд одоогоор цуцлаагүй байна. Цэргүүд есөн баатар хот болон цэргийн тойргуудын штаб байрладаг 19 хотод жагсах ёстой. Волгоград, Донын Ростов зэрэг мужийн эрх баригчид парадыг үзэгчгүй зохион байгуулна гэдгээ мэдэгджээ.

Түүнчлэн Москва хотын дарга Сергей Собянин оршин суугчдадаа хандан Ялалтын баярын парад болох өдөр гэртээ байж, зурагтаар үзэхийг уриалсан байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга мөн москвачуудад хандан парадыг гудамжинд биш дэлгэцээрээ үзэхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.