Болтоны шуугиан тарьсан улс төрийн бестселлер юу өгүүлэв

Болтоны шуугиан тарьсан улс төрийн бестселлер юу өгүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны “The Room Where It Happened: A White House Memoir /Энэ бүгд өрнөсөн өрөө: Цагаан ордны дурсамж/” нэртэй ном олон саад бэрхшээл даван, шуугиан дагуулан уншигчдын гарт очлоо.

Түүний номыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудений мэдүүлэгтэй зүйрлэж байсан бол Доналд Трамп экс зөвлөхөө урвагч гэж цоллож байв.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрх баригчид Жон Болтоныг нууц мэдээлэл задруулсан хэмээн номыг нь худалдаанд гаргахыг хориглохын тулд шүүхэд хандсан. Шүүгч дурсамжийн хувь заяанд саад хийсэнгүй. Ном хэвлэлтээс гараад барахгүй түгээгчийн гарт хэдийн очиж, цахим хувилбар нь хүртэл интернет хэрэглэгчдийн хүртээл болсон байлаа. Гэхдээ шүүх гар бичмэлээ эрх баригчидтай зөвлөлдөх процедурыг зөрчсөн гэж үзээд нууц мэдээллийг задруулсан байх боломжтой гэж хүлээн зөвшөөрсөн. Хэрэв номд нууц мэдээлэл ороогүй бол нэр алдар, их хэмжээний мөнгөтэй болно эсвэл нууц мэдээлэл задруулсан хэргээр эрүүгийн гэмт хэрэгт унах хоёр зам Болтонд үлдээд байна гэж шүүх үзэв. Трамп хууль зөрчсөнийхөө төлөө Болтон өндөр үнэ төлөх болно гэж сүрдүүлж 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг нь хийж байсан Болтоныг “амьсгалж байгаа болгонтой дайтахыг хүсдэг мулгуу гаж донтон” гэж нэрлэж ч нэг үзсэн. Болтон өөрийн номын талаар өгсөн ярилцлагадаа “энэ ном яагаад ерөнхийлөгч байх хэрэггүйн тухай юм” гэж ярьсан байдаг.

Жон Болтоны энэхүү ном цахим худалдааны “Amazon” сүлжээнд борлуулалтаараа тэргүүлж байна. Цагаан ордныг сандрахад хүргэсэн шуугианы эзэн чухам юу өгүүлэв?

Тооны хэлээр

Номд Солонгосын тухай 700 гаруй, Хятадын тухай 600 гаруй, Оросын тухай 500 гаруй удаа дурдсанаас гадна Сири, Украинд хангалттай ач холбогдол өгсөн байна. Гаднын төр, засгийн тэргүүнүүдээс Болтон Ким Жон Уны талаар хамгийн олон удаа дурджээ. Сонирхолтой нь Цагаан ордны тэргүүний баруун Европын түншүүдээс Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны нэр Германы канцлер Ангела Меркелиэс гурав дахин олон удаа гардаг байна. Гэхдээ энэ тал дээр тэд ОХУ, БНХАУ-ын удирдагчдын хаана ч хүрэхгүй. 

НАТО ба Украин

Болтоны бичсэнээр, 2018 оны НАТО-гийн дээд хэмжээний уулзалт дээр Доналд Трамп холбоотнууд нь батлан хамгаалах салбарт зориулсан төсвөө ДНБ-ий хоёр хувь хүртэл нэмэгдүүлэхгүй, “Умард урсгал-2” хийн хоолой дамжуулах төслөөс татгалзахгүй бол АНУ-ыг холбооноос гаргана гэж сүрдүүлэхийг хүсэж байжээ. Трамптай утсаар ярьсан ярианы талаар, Болтон Трампын үгнээс эш татжээ. “Нэгэнт бид өөрсдөө Оростой үг хэлээ олдоггүй тул Орост олон тэрбум төлдөг гишүүдтэй НАТО-гийн бүрэлдэхүүнд байх шаардлагагүй” гэж Трамп хэлсэн гэнэ. Украины талаар Вашингтоны баримталж буй бодлогын талаар Болтоны дурссанаар, 2019 оны наймдугаар сарын сүүлээр хийсэн нэгэн уулзалтын үеэр Трамп АНУ бус НАТО-гоос Киевт цэргийн тусламж үзүүлж байх санал гаргасан байна. Болтоны бичсэнээр, Украинд АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден болон түүний хүүтэй холбоотой хэргээр мөрдөн шалгалт явуулах замаар Трамп дахин сонгогдох боломжоо батжуулахыг тооцоолж байжээ. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн төлөө уралдаж буй Жо Байдены нэр хүндийг унагах зорилго нь Трампын бодол санаанаас салахгүй болсон гэнэ. Итгэл үзүүлэх эсэх процедурын явцад Трамп Украин дахь авлигын асуудалд анхаарлыг хандуулж, нөхцөл байдлыг эргүүлж чадсан бөгөөд үнэн хэрэгтээ энэ асуудал түүний санааг огт зовоогоогүй гэж Болтон үзэж байна. Тэрбээр Украины сонгуулийн өмнөх өдөр тухайн үеийн ерөнхийлөгч Петро Порошенкотой хийсэн уулзалтын талаар дэлгэрэнгүй бичжээ. Түүний хэлснээр, Порошенко дахин сонгогдоход нь дэмжлэг үзүүлэх болон хэд хэдэн зүйл АНУ-аас хүсжээ. Болтон “үгүй” гэж хэлэх нь хэтэрхий бүдүүлэг гэж үзэн, эдгээр асуудлыг хэлэлцэхээс зайлсхийсэн байна. 

БНХАУ, БНАСАУ болон хориг арга хэмжээнүүд

Болтон дурсамждаа АНУ, БНХАУ-ын харилцаа, тэр дундаа Трамп, Ши хоёрын харилцаанд онцгой анхаарал хандуулжээ. Японд болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын өмнө Трамп, Ши хоёрын утсаар ярьсан ярианы талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Трамп Ши Жиньпинийг “Сүүлийн 300 жилд гарсан Хятадын агуу удирдагч” хэмээн нэрлэж байжээ. Трамп Бээжинтэй харилцаагаа муудахаас эмээн АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчдөө XIV Далай Ламтай уулзахыг хориглосон тухай Болтон дурсжээ. Солонгосын хойгийн талаар баримталж буй АНУ-ын байр суурийн талаар, Болтон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг стратегийн алдаа гэж үзэж байсан бөгөөд Трамп Ким Жон Унтай хийх хэлэлцээний үеэр шаардлагагүй буулт хийх вий гэж айж байсан гэж онцолсон байна. Энэ уулзалт эцсийн дүнд Пёньяны цөмийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг тодорхой хэлэлцэхэд юу ч өгөөгүй гэж Болтон үзсэн байна. Тэрбээр мөн Вашингтоны бусад орны эсрэг байнга ашиглагдаг хориг арга хэмжээ хэр үр дүнтэй болох талаар өөрийн бодлоо хуваалцжээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр АНУ-ын сангийн сайд Стивен Мнучины бодлоос эш татсан байна. Хязгаарлалтын арга хэмжээг байнга хэрэглэснээр үр дүн нь буурснаас гадна дэлхийн валют болох долларыг сулруулах аюултай гэж Мнучин үздэг гэж Болтон онцолсон байна. Түүний бодлоор, Трампт ч тэр Мнучинд ч тэр хориг арга хэмжээний бодлогыг шийдвэртэй бөгөөд тууштай явуулах сонирхол, хүсэл байгаагүй гэжээ.

АНУ, ОХУ-ын харилцаа

Тус хоёр улсын харилцаа Болтоны номд томхон орон зайг эзэлжээ. Хельсинкид 2018 оны долоодугаар сарын 16-нд болсон Доналд Трамп, Владимир Путины анхны уулзалтад оролцсон Болтон Трампаас ялгаатай нь Оросын тэргүүн хэлэлцээнд бэлтгэхдээ хэлэх зүйлээ сайтар тунгааж, хүрэх зорилгоо ихээхэн бодож боловсруулдаг гэж дүгнэжээ. Номын зохиолчийн бичсэнээр, Доналд Трампын хувьд бэлтгэл, төлөвлөлтийн ийм түвшиний талаар санахын ч хэрэггүй. Түүнчлэн Болтон Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнээс гарах тухай шийдвэр гарахаас өмнөх өдөр Трамптай ярилцаж байсан тухай дэлгэрэнгүй бичсэн байна. Тэрбээр энэ гэрээнээс хамт гарах талаар Оросын талтай тохиролцох оролдлого хийхийг Трампт санал болгож байсан аж. Гэсэн ч Трамп энэ хувилбарыг үгүйсгэж, гэрээнээс АНУ-ыг аль болох түргэн гаргах байр суурин дээрээ хатуу зогссон аж. Ингэхдээ Болтон Трамп энэ гэрээний талаар нарийн мэдлэгтэй байсан эсэхийг өөрөө ч ойлгоогүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Юун өрөө вэ?

Болтон номоо “энэ бүгд өрнөсөн өрөө” гэж нэрлэсэн. Ямар өрөөний талаар өгүүлж буй тухай ойлгохын тулд түүнд багагүй хугацаа, хүч хөдөлмөр шаардагдсан. Номд үүний талаар тодорхой тайлбар байхгүй ч оршил нь “Цагаан ордны баруун жигүүр дэх булангийн өрөө хүрэх урт зам” гэсэн нэртэй. Нэрнээс нь зохиолч өөрийгөө хэрхэн үнэлдэг нь харагдаж байна гэж шинжээчид дүгнэжээ. Зохиолч нэгдүгээр орлогч бус АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болохыг хүсдэг байсан, ярилцлагад орох урилгыг яаж хүлээдэг байсан, хэрхэн ярилцлага өгсөн, үр дүнгийн талаар эргэлзээ нь хэрхэн зовоодог байсан талаарх өгүүлэг итгэмээргүй дэлгэрэнгүй, урт бөгөөд уйтгартай. АНУ-ын хэвлэлүүд номын нэрийг Бродвейн өргөн чөлөөгөөр таван жил явж буй алдартай “Хамилтон” мюзиклтэй холбон тайлбарлажээ. Мюзиклд “бүх зүйл өрнөдөг өрөө”-ний тухай гардаг бөгөөд зөвхөн сонгогдсон хүмүүсээс өөр хэн ч энэ өрөө рүү хүрэх зам үгүй. Ямартаа ч номын нэр хавтас дээр дугуй хүрээнд тодорно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.