“Сакраменто Кингс” багийн тоглогчид халдвар авчээ

“Сакраменто Кингс” багийн тоглогчид халдвар авчээ

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Сакраменто Кингс” багийн довтлогч Жабари Паркер, төвийн тоглогч Алекс Лень зэрэг дөрвөн тоглогчийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ.

“Сакраменто Кингс” багаас лхагва гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ж.Паркерийн шинжилгээний хариу хэдэн өдрийн өмнө гарсан бөгөөд тэрбээр Чикаго хотод өөрийгөө тусгаарласан байна. Ж.Паркер нь Чикагогийн уугуул юм. 

“Би эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маань сайн байна. Багийнхантайгаа Орландо хотод тоглохыг тэсэн ядан хүлээж байна” гэж Ж.Паркер мэдээлжээ.

Мөн “Сакраменто Кингс” багийн төвийн тоглогч А.Лень мягмар гарагт өгсөн коронавирусний шинжилгээний хариу нь лхагва гарагт эерэг гарсан тухайгаа “Instagram” хуудсандаа нийтэлсэн байна.

Спортын сурвалжлагч Шамс Чараниа “Сакраменто Кингс” багийн хамгаалагч Бадди Хилд халдвар авсан гурав дахь тоглогч болсон гэж лхагва гарагт мэдээлжээ. “FOX40” цахим хуудас уг мэдээллийг үнэн зөв эсэхийг хараахан баталгаажуулаагүй байгаа ажээ.

Мөн уг багийн өөр нэгэн тоглогч халдвар авсан талаар нэгэн эх сурвалж “FOX40” цахим хуудсанд мэдээлжээ. Уг тоглогчийн хэн болох нь тодорхойгүй байгаа боловч 14 хоног тусгаарлагдах шаардлагатай болсон гэж эх сурвалж мэдээлсэн байна.

“NBA” Флорида муж улсын Орландо хот дахь “Disney” цогцолборт ирэх долдугаар сараас улирлын тоглолтуудаа эхлүүлэх бөгөөд “Сакраменто Кингс” нь улирлаа үргэлжлүүлэхээр болсон 22 багийн нэг юм.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.