“COVID-19”-өөр халдварласан хүүхдүүдийн дийлэнхэд хөнгөн шинж тэмдэг илэрч байна
Европт “COVID-19”-өөр халдварласан хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад нас барсан тохиолдол маш ховор бүртгэгдсэнийг тогтоожээ. Халдвар авсан 582 хүүхдийн дөрөв нь нас барсан бөгөөд тэдний хоёр нь суурь өвчтэй байжээ.
Хүүхдүүдэд ерөнхийдөө хөнгөн шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд заримынх нь шинжилгээний хариу эерэг гарсан боловч ямар ч шинж тэмдэг илрээгүй байна. Гэвч ойролцоогоор 10 хүүхэд тутмын нэгд эрчимт эмчилгээ шаардагдсан байна.
Эмч нарын мэдээлснээр, энэхүү судалгаа нь биднийг “тайвшруулж байгаа” боловч хүнд өвдсөн хүүхдүүдийг анагаах оновчтой эмчилгээг нээх шаардлагатай байгаа ажээ.
Судалгааны тухайд
Лондон хотын “Great Ormond Street” эмнэлгийн мэргэжилтнүүдээр ахлуулсан судлаачид Европын 25 орны 3-18 насны 582 хүүхдийг судалгаандаа хамруулжээ. Тэд бүгд цар тахлын эхний оргил үе болох дөрөвдүгээр сард халдвар авсан байна.
Хүүхдүүдийн дөрөвний нэг нь суурь өвчтэй байжээ. Нас барсан дөрвөн тохиолдол /0.69 хувь/ нь 10-аас дээш насны хүүхдүүд байсан бөгөөд хоёр нь суурь өвчтэй байсан байна.
Мөн нийт хүүхдийн тэн хагасаас илүү хувь нь эмнэлэгт хүргэгдэж, найман хувь нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлжээ.
Хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
Хүүхдүүдийн 65 хувь нь халуурч, 54 хувийнх нь амьсгалын дээд зам үрэвсэж, 25 хувьд нь хатгалгаа үүсэж, 22 хувьд нь ходоод, гэдэсний өвчний өвчний шинж тэмдэг илэрчээ.
Мөн нийт хүүхдийн 16 хувьд халдварын шинж тэмдэг илрээгүй бөгөөд тэдний дийлэнх нь халдвар авсан хүмүүстэй ойр байсан хүүхдүүд байсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.