Энэтхэгтэй залгаа хилийн дагуух маргаантай хэсэгт цэргийн хуаран босгож байна
Хятадын цэргүүд Энэтхэгийн цэргүүдтэй мөргөлдсөн газарт буюу Ладакх муж дахь хяналтын шугам дээр шинэ бэхлэлтийн хуаран босгож байна.
Америкийн “Maxar Technologies” компанийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд үүнийг нотолж байна хэмээн “Reuters” агентлаг мэдээлжээ. Өнгөрсөн даваа гарагт авсан уг гэрэл зургуудаас харахад, энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Энэтхэг, Хятадын цэргийнхний хооронд мөргөлдөөн болсон Галван хөндий харагдах аж. Хятадын армийн хяналтанд байдаг хэсэгт майхнууд барьж, бэхлэлтийн хуаран босгож байгааг гэрэл зургууд харуулжээ. Долоо хоногийн өмнө авсан гэрэл зургууд дээр ийм зүйл ажиглагдаагүй байна.
Хяналтын шугамын манай талаас манай нутаг дэвсгэрт барилгын ажил явагдаж байна хэмээн Энэтхэгийн эрх баригчид мэдэгдэж байгаа бол Хятадын эрх баригчид энэ бүсийг өөрийнх нь хэмээн үзэж байна.
Хятадын Ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүдийн байрлал өөрчлөгдөж, хөдөлгөөн нь идэвхжиж байгаа тухай Энэтхэгийн хэвлэлүүд мөн мэдээлжээ. Ладакх дахь байр сууриа бэхжүүлэх зорилгоор Энэтхэгийн арми ч мөн өнгөрсөн сарын хугацаанд хүчин чармайлт гаргасан юм.
Энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ладакх холбооны нутаг дэвсгэр дэх Галван хөндий орчимд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болжээ. Энэтхэгийн эрх баригчдын мэдэгдсэнээр, мөргөлдөөний үеэр Энэтхэгийн 20 цэрэг амиа алдаж, 76 хүн шархаджээ. Түүнчлэн Хятадын 45 цэрэг амь үрэгдсэн юмуу шархадсан тухай Энэтхэгийн тал мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.