Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржтой уулзахаар Давосыг зорив уу!

Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржтой уулзахаар Давосыг зорив уу!

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчээр сонгогдсон цагаасаа хойш очихоос цааргалсан “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аа зориод хоёр хонож байна.

Энэ үеэр сүүлийн жилүүдэд өстөн дайсан мэт мэдэгдэл шидэлцэх болсон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзалдах бололтой.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Давосын эдийн засгийн чуулган гэх индрийг алгасалгүй ашиглаж ирсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд голдуу Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудад зохиогддог чуулга уулзалтуудад анхаарал хандуулж, бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлөөс хоцрохгүй  гэдгээ үг болон үйлдлээрээ илэрхийлсэн. Улмаар энэ жил анх удаагаа Давосын чуулганд оролцож буй. Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан төсөв хэмнэх үүднээс НҮБ-ын чуулганаас татгалзаж, “Дэлхийн эдийн засгийн чуулган”-ы талаар “Гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь, ямар хэрэгтэй, ямар үр дүнтэй гэдгийг судалсны үндсэн дээр хийнэ” хэмээсэн удаатай. Оронд нь хойд хөршөөс зохион байгуулдаг “Дорнын эдийн засгийн чуулган”, ШХАБ-ын уулзалтуудыг алгасалгүй оролцсон байдаг.

Тиймээс түүний энэ удаагийн гадаад томилолттой холбогдуулан Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолт хоёр хөршөөсөө халин барууныг чиглэж, эдийн засгийн хараагаа тэлэв үү, эсвэл Швейцарь хавьцаа эргэлдэх болсон МоАХ-ны ахыгаа эргэхээр шийдэв үү гэх хоёр төрлийн таамаг улс төрийн хүрээнд өрнөж байна.

Ямартай ч Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Давосын чуулганд үргэлжлүүлэн урилгаар оролцсоор байгаа Ц.Элбэгдорж “Баттулга ирэх сурагтай. Давост орох нь зөв” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна.

Тэд намынхаа ирэх хавар болох парламентын сонгуульд оролцох тактикийг хэлэлцэж ч магадгүй гэх хэт дэврүүн таамаг явж байна. Гэхдээ энэ таамгийг үгүйсгэх нэг шалтгаан бол Тавантолгой төсөл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг Ц.Элбэгдоржоос шилжүүлэн авсан Х.Баттулга одоогоос нэг жилийн өмнө прокуроруудтай уулзах үеэрээ Тавантолгойн ордтой холбоотой хуйвалдааныг гардан  зохион байгуулсан Ц.Элбэгдоржийг шалгуулах талаар гомдлоо Ерөнхий прокурорт иргэний хувиар гардуулж байсан. Үүний дараахан Ц.Элбэгдорж "Х.Баттулга өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ” гээд “Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог. Төмөр замын Орост байгаа хувийг аваад ирвэл би дэмжинэ. Үнэхээр л Путинтэй найз юм бол. Хэрвээ Х.Баттулга улс эх орондоо сайн зүйл хийвэл би Ерөнхийлөгч гэдэг утгаар нь хүндэлж харьцана. Харин эсрэгээрээ бол Х.Баттулга гэж харьцах болно” зэргээр байр сууриа илэрхийлээд өнгөрсөн. Ийнхүү сөргөлдөж байсан талууд бол Ардчилсан нам, тэр дотроо МоАХ фракцаас угшилтай хоёр Ерөнхийлөгч. Нэг нь нөгөөгөө хөтлөн МоАХ-д элсүүлэн, их улс төрд хөтөлсөн ч гэлцдэг.

Нөгөө талаар жилээс жилд өргөжин тэлж буй Давосын чуулган Ерөнхийлөгч Х.Баттулга төдийгүй Монгол Улсын хувьд улс төрийн шинэ тавцан болох нь дамжиггүй. Ц.Элбэгдорж АСЕМ-аар эх орондоо дэлхийн удирдагчидтай мөр зэрэгцэж дөнгөсөн шиг Х.Баттулга биш Монгол Улс олон улсад байр сууриа илэрхийлэх боломжтой.

Дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлогчид Швейцарын Давос хотноо энэ жил 50 дахь удаагаа чуулж буйдаа ач холбогдол өгцгөөж байгаа. Энэ удаад “Тогтвортой хөгжлийг цогцлоох талуудын сонирхол” сэдвийн дор чуулах бөгөөд хэлэлцэх гол асуудал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хямралаас сэргийлж, шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын талаарх ойлголтыг шинэчлэхэд чиглэх гэнэ. Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улсуудын нэгд тооцогддог бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь байгальд зохицсон мал аж ахуйгаас амьжир­гаагаа залгуулдаг. Тиймээс эдийн засгийн уналт, тэгш бус байдлын суурь шалтгаан болоод буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар тодорхой байр илэрхийлэх хүлээлт байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн нийтэд тулгамдаж буй гол 10 асуудлын нэг болсон гэдгийг дэлхийн лидерүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх болсон. Зөвхөн 2018 онд байгалийн гамшгийн улмаас дэлхий дахин 165 тэрбум ам.доллартой тэнцэх эдийн засгийн хохирол амссан тухай шинжээчдийн тооцоо гарчээ.

Мэдээж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн том жишээ Австралийн түймэр байх бол Иран-Америкийн сөргөлдөөн, Хятадын нөлөө, Оросын өөрчлөлт, худалдааны дайн зэрэг улс төр, эдийн засгийн асуудлыг талаар дэлхийн лидерүүд тодорхой байр сууриа илэрхийлж таарна. Энэ утгаараа дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, нөлөө бүхий бизнесменүүд болон нийгмийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцох индэр бол Давосын чуулган байсаар ирсэн. Олон улсын нэр хүнд бүхий агентлагууд мэдээлж буйгаар энэ жилийн чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны сайд Уилбур Росс, Худалдааны зөвлөх Роберт Лайтхайзер тэргүүтэй төлөөлөгчдийн хамтаар оролцох аж. Нийтдээ 117 улсын 3000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 50 гаруй нь төр, засгийн тэргүүн байгаагийн дотор Германы Канцлер Ангела Меркель, Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте, ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева нар багтжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.