Токиод халдварын 60 тохиолдол шинээр илэрчээ
Японы нийслэл Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 60 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж тус хотын засаг захиргаа мэдээлжээ. Японд онцгой байдлын дэглэмийг тавдугаар сарын 25-нд цуцалснаас хойш нийслэлд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
Токиогийн эрх баригчдын мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн дунд өсвөр насны хүүхүүдээс 70 гаруй насны хүмүүс байгаа бөгөөд дөрвөн хүн тутмын гурав нь 20, 30-аад насны хүмүүс ажээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын гуравны нэг орчим нь халдвар авсан хүмүүстэй ойр байсан бол үлдсэн гуравны хоёр нь хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Мөн 60 хүний тэн хагас орчим нь шөнийн цэнгээний газар гэх мэт шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газрын ажилтан, үйлчлүүлэгч байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Токиод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо ням гаргийн байдлаар 6114-т хүрсэн бөгөөд тухайн өдөрт халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус хотод өдөрт 60 тохиолдол илэрсэн нь тавдугаар сарын 4-нд 87 тохиолдол бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.