Трамп: Оросууд талибуудтай “хуйвалдсан” гэх мэдээллийг тагнуулууд хуурамч гэж үзсэн
Оросууд талибуудтай “хуйвалдсан” гэх мэдээлэл найдвартай биш байсан талаар тагнуулынхан өөрт нь илтгэсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Тагнуулынхан энэ мэдээллийг найдвартай биш гэж үзсэн учраас надад болон дэд ерөнхийлөгч Майк Пенсэд мэдэгдээгүй гэдгээ дөнгөж сая надад илтгэлээ. Магадгүй энэ нь Оростой холбоотой бас нэгэн хууран мэхлэлт байж магадгүй юм. “New York Times” хуурамч мэдээллийн тусламжтайгаар бүгд найрамдахчуудыг харлуулахыг хүсэж байна” гэж Трамп “Twitter” хуудсандаа бичсэн байна. Цагаан ордон өмнө нь Орос “Талибан” хөдөлгөөнтэй хуйвалдсан байж болзошгүй талаар тагнуулынхан Трампт мэдээлээгүй гэх нийтлэлийг хуурамч гэж мэдэгдсэн юм. Харин Трамп үүнийг “ээлжит захиалга” гэж нэрлэсэн байна.
Оросын цэргийн тагнуулынхан Афганистан дахь Америкийн цэргүүд рүү халдсаны хариуд “Талибан” хөдөлгөөнтэй холбоотой босогчдод шагнал санал болгосон гэх нийтлэл “The New York Times” сонины өнгөрөгч баасан гаргийн дугаарт гарчээ. Тус сонин Америкийн тагнуулын байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан ийм нийтлэл тавьсан ч нотлох ямар ч баримт байхгүй байгаа юм.
Үүний дараахан Оросын дипломат ажилтнуудад сүрдүүлэг ирсэн гэж АНУ дахь тус улсын Элчин сайдын яам мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн яам Америкийн сонины нийтлэлийг хуурамч гэж мэдэгдсэн байна.
“Талибан” хөдөлгөөн мөн Афганистанд халдлага үйлдэхэд Оросын цэргийн тагнуулаас мөнгө авсан гэж мэдээлснийг няцаажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.