ДЭМБ Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйг анхаарууллаа
Африк тивд коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийн бүсийн асуудал хариуцсан дарга Матшидисо Моэти мэдээллээ.
“Африкт 413 мянган хүн халдвар авч, 10 гаруй хүн нас барсан. Гана, Нигери зэрэг улсад халдварын тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байна” гэж М.Моэти пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Мөн Африкт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын гуравны хоёр орчим нь Өмнөд Африкт бүртгэгдсэн бөгөөд сүүлийн өдрүүдэд Африкт нэг хоногийн дотор шинээр илэрсэн тохиолдлын тал орчим хувь нь тус улсад бүртгэгдлээ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Өмнөд Африк өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс хилүүдээ хааж, гэртээ байхыг ард иргэддээ зөвлөсөн юм. Гэвч тус улсын эдийн засаг доройтож, ядуу иргэдийн амьдралд хүндээр туссантай холбоотойгоор Засгийн газар хязгаарлалтуудыг сулруулах шийдвэрийг гаргахад хүрчээ.
Гэвч хязгаарлалтуудыг сулруулсантай зэрэгцэн өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 6000-аар нэмэгдэх болжээ. Засгийн газрын тооцоолж буйгаар, халдварын оргил үе 7-8 дугаар сард болох юм байна.
М.Моэти улс орнууд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зөвшөөрч, эдийн засгаа сэргээж байгаа тохиолдолд цар тахлыг хяналтад авахын тулд эмнэлгийн хүчин чадлаа сайжруулах хэрэгтэй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.