Ургамлын харшилд гурван жил дараалан вакцин тарьснаар дархлаа тогтдог

Ургамлын харшилд гурван жил дараалан вакцин тарьснаар дархлаа тогтдог

-Ургамлын харшил яаж үүсдэг вэ?

-Ургамлын харшил нь харшлын шалтгаантай цэцэгт ургамлын дохиурын тоос агаар хөрсөнд их хэмжээгээр тарахад өдөөгдөн үүсдэг улирлын чанартай өвчин юм. Манай улсад хамгийн их тохиолдож байгаа ургамлын харшил бол шарилжны харшил байдаг. Дэлхий дээр 500 гаруй шарилж ургадгаас манай оронд 100 гаруй нэр төрөл байгааг судалж тогтоосон. Эдгээр ургамлууд долоодугаар сарын эхний 10 хоногоос наймдугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд цэцэглэж их хэмжээний тоос тархаадаг. Ургамлын харшил нь жил ирэх тусам нэмэгдэхээс гадна улам залуужиж байна.

-Шарилжийг устгах болон сэргийлэх ямар аргууд байдаг вэ?

-Шарилжтай тэмцэх асуудал дээр бид жил болгон тэмцдэг. Эхлээд зулгааж үзсэн боловч бүрэн салж чадаагүй. Шарилжтай зулгааж тэмцсэнээс цэцэглүүлэхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд 7-10-н см-ын өндөртэй хадаж тайрвал харшил үүсгэх боломж нь багасаж үхжиж эхэлдэг. Ингэснээр байгальд ч ээлтэй гэсэн үг. Хаана хөрс эвдэрсэн, бохирдсон байна тэнд шарилж ургадаг. Бусад ургамал ургаж чадахгүй газар шарилжийн төрлийн ургамал ургаж эхэлдэг. Тиймээс байгаль сэргээх анхдагч ургамлуудын нэг гэж тооцдог.

-Ургамлын харшлыг бүрэн эдгээх боломжтой юу?

-Арьсны өвчин судлалын үндэсний төв дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-ныг хүртэл ургамлын харшлын эсрэг вакциныг тодорхой схемийн дагуу хийж эхэлдэг. Эхлээд сорил тавьж, оношоо тогтоолгоод, ургамлын харшилтай нь батлагдвал вакцин хийлгэж болно. Сорилын хариу 15 минутын дотор л гарна. Вакцин хийлгэсэн эхний жилүүдэд маш хөнгөн хэлбэртэй байдаг бол гурван жил дараалан вакцин хийлгэснээр дархлаа тогтдог. Тиймээс ганц жил вакцин хийлгэснээр бүрэн эдгэрнэ гэсэн үг биш. Манай харшлын лабораторид үйлдвэрлэсэн вакцинд жилд 400-500 хүн хамрагддаг. Ургамлын харшлын эсрэг вакциныг бусад оронд тариа, цацлага, уух хэлбэрээр хэрэглэдэг. Харин манай улсад хамарт шүрших хэлбэрээр хэрэглэх нь илүү тохиромжтой, үр дүнтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.