Ж.Амарсанаа: Ухань руу явах сайн дурын багт 65 эмч нэгдлээ
БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болоод байгаа билээ. Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Үхань хотыг зорихоор төлөвлөжээ.
Ухань хотод монгол эмч нар очиж ажиллах санаачилгыг хүний их эмч Ж.Амарсанаа гаргасан юм.
Энэ талаар Ж.Амарсанаа эмчээс тодруулахад “Вирусийн голомтод баг болоод сайн дурын эмчээр ажиллах сонирхолтой 65 эмч надтай холбогдоод байна. Янз бүрийн нарийн мэргэжлийн эмч нар холбогдож байна. Мэдээж явах хүсэлтэй эмч нарыг бүгдийг нь хамруулах боломжгүй. Аль болох мэргэжлийн эмч нарыг сайн дурын багт оруулахыг хичээнэ. Явахын өмнө амьсгалын халдварт өвчний үед хэрхэн арга хэмжээ авах талаар нарийвчилсан сургалт өгнө.
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүсэлтээ тавьсан ч сайд нь одоогоор эзгүй байгаа юм байна. Манай Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Ухань хот болон Хятадын Засгийн газартай холбоо тогтоож, бидний хүсэлтийг уламжилж байгаа.
Хэрхэн хүлээж авах нь тухайн орны асуудал юм. Хэчнээн эмч хүлээж авах боломжтой байгааг нь эхлээд мэдэх хэрэгтэй. Эмч нар дутагдалтай байгаа учраас нааштай хүлээж авах болов уу гэж бодож байна” гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.