ШУА-ийн биологийн хүрээлэн 11 төрлийн органик саван үйлдвэрлэж байна
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын Нийлэгжлийн лаборатори 2017 оноос органик саван үйлдвэрлэх, найрлагыг баяжуулах туршилт судалгааг явуулж эхэлсэн юм. Өдгөө бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэн сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах үйлчилгээ бүхий барагшунтай, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тостой, зөөлрүүлж, чийгшүүлэх сүүлний тостой, тэжээл өгөх, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй шар тостой, шоколадны анхилам үнэртэй гуужуулагч скрабтай гэх мэт олон төрлийн орц, найрлагатай органик саван үйлдвэрлэж байгаа аж.
Яагаад органик саван хэрэглэх хэрэгтэй вэ?
Химийн бодисын агууламж өндөртэй саванд мэдрэг арьстай хүмүүс олон бий. Органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой юм. Органик бус савангийн найрлагад парабен, фталат, нефтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг өнгө, үнэр оруулагч бодис ордог ба эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нөхцөлийг бүрдүүлж байдаг.
Харин органик савангийн найрлагад цэвэр байгалийн гаралтай тос болон нэмэлт бүтээгдэхүүн агуулагддаг. Тухайлбал, наргил модны тос, оливийн тос, сүүлний тос, шар тос нь арьсны рН-ыг тэнцвэржүүлж, тэжээл өгч чийгшүүлэх үйлчилгээтэй. Эфирийн тосыг нэмснээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог байна.
Мөн органик саванг биологийн идэвхт нэгдэл (эфирийн тос, барагшун гэх мэт)-ээр баяжуулснаар тухайн бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хэрэглэх хүрээг тэлэх бүрэн боломжтой.
Хаяг: ШУА-ийн Биологийн хүрээлэн БЗД, Энхтайвангийн өргөн чөлөө 54Б
Утас: 99269667, 91055009, 88627278, 89909521
Эх сурвалж: ШУА
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.