БНХАУ-ын эдийн засаг 3.2 хувиар өслөө

БНХАУ-ын эдийн засаг 3.2 хувиар өслөө

БНХАУ коронавирусний халдварын тархалтыг ерөнхийдөө хяналтад авч, эдийн засгаа сэргээсэнтэй холбоотойгоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ энэ оны хоёрдугаар улиралд 3.2 хувиар өсжээ.

БНХАУ-ын ДНБ энэ оны эхний улиралд түүхэнд байгаагүйгээр буюу 6.8 хувиар буурсан хэдий ч тус улс нь “COVID-19” цар тахал энэ оны эхнээс дэлхий эдийн засагт их хэмжээний хохирол учруулж эхэлснээс хойш эерэг өсөлт үзүүлсэн анхны томоохон эдийн засагтай орон болсон байна.

Хятадын эдийн засгийг хоёрдугаар улиралд 2.6 хувиар өснө хэмээн эдийн засагчид таамаглаж байгааг “The Wall Street Journal” сонины явуулсан асуулгын дүн харуулж байсан боловч уг таамаглалыг ийнхүү давжээ.

Хятадын ДНБ хоёрдугаар улиралд эхний улирлаас 11.5 хувиар өссөн гэж тус улсын Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээлжээ. 2020 оны эхний хагаст Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурсан байна.

Энэ оны эхний улиралд коронавирусний тархалтын улмаас эдийн засаг уналтад орсонтой холбогдуулан Хятадын бодлого боловсруулагчид 2020 онд өсөлтийн тодорхой зорилт дэвшүүлээгүй бөгөөд үүний оронд хөдөлмөрийн зах зээлийг тогтворжуулж, илүү олон ажлын байр бий болгохоо амласан юм

Хятадын хотын бүс нутагт ажилгүйдлийн түвшин өнгөрсөн тавдугаар сард 5.9 хувь байсан бол зургаадугаар сард 5.7 хувь болж буурсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.