Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын бүтээл дэлхийн зах зээлд борлуулагдаж байна
Монголын хөгжмийн зохиолчдыг төлөөлөн олон улсын хэмжээний уралдаанд байнга “шандас” сорьж алдраа дуурсгаж байдаг эрхэм бол хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр. Түүний "Чингисийн хүүхдүүд" киноны хөгжим энэ сарын 10-наас эхлэн дэлхийн зах зээлд борлуулагдаж эхэлжээ.
Тодруулбал, Хоёр жилийн өмнөөс Английн "Plaza mayor" түгээлтийн компани санал ирүүлж, олон улсын зохиогчийн бүх эрх зүйг шийдвэрлэсний ард хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр дээрх саналыг хүлээн авч гарын үсэг зуржээ. Ийн "Чингисийн хүүхдүүд" киноны хөгжим энэ сарын 10-наас “Spotify”, “iTunes”, “Amazon”, “Soundcloud”, “Deezer”, “QQ”, “kkbox” зэрэг дэлхийн топ порталд зэрэг тавигдсан байна.
Ташрамд дуулгахад, Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр "Чингисийн хүүхдүүд" киноны хөгжмөөрөө 2017 онд ОХУ-ын Сочи хотод болсон “Sochi International Film Festival”-иас "Киноны шилдэг хөгжим" шагналыг хүртэж байсан юм.
Мөн нэрт найруулагч Д.Золбаярын "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино 90 дэх удаагийн Академийн дээд шагнал болох Оскарын гадаад хэл дээрх киноны төрөлд Монгол Улсыг төлөөлөн албан ёсоор өрсөлдөх эрх авч байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.