Хувийн болон улсын эмнэлэгт хэвтвэл ЭМД-аас 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийлээ. Ингэхдээ Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношны хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношны хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулжээ.
Даатгуулагч та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400 мянган төгрөгийн хөнгөлөлт авах болж байгаа юм. Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225 мянган төгрөгөөр нэмэгдэж 400 мянган төгрөг болж, улсын эмнэлгийнхтэй ижил боллоо.
Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны оочир дараалал хүлээх шаардлага болж, хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэнэ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110-117 мянган төгрөг олгодог байсан бол нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрд 250 мянган төгрөг олгохоор боллоо.
Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг маргаашаас буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.