Вакцинжуулалтаас 264 сая төгрөг завшсан ЗХЖШ-ын байцаагч нарт ял оноолоо

Вакцинжуулалтаас 264 сая төгрөг завшсан ЗХЖШ-ын байцаагч нарт ял оноолоо

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч оны тавдугаар сараас эхлэн Зэвсэгт хүчний жанжин штабын эрх бүхий албан тушаалтнуудыг албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, 2019 оны тавдугаар сард Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газраас Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгаалалтын ротын есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд хийсэн вакцинжуулалтын байдалд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн байдаг. Энэ үеэр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, гадаад улсад гэрээгээр ажилладаг энхийг сахиулагч нарын дархлаажуулалтын хөрөнгөөс завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан юм.

Тэгвэл энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж, нийслэлийн прокурорын газраас ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газар Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Дуламсүрэн, Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Сарантуяа, Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч улсын байцаагч С.Базаррагчаа нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18.7.1 буюу мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, мөн хуулийн 22.1.2. - Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлдэж хавтас хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

Улмаар энэхүү хэргийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй хэлэлцэж шүүгдэгч нарын гэм буруутайг тогтоож торгох ял оногдууллаа. Дээрх хуралд, даргалагч шүүгчээр Э.Чингис, улсын яллагчаар А.Золзаяа нар оролцсон бол шүүгдэгч нар гурван өмгөөлөгчийн хамт оролцсон юм.

Хэргийн тухай дэлгэрүүлбэл, Умард Атлантын Гэрээний байгууллага болох НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд Америкийн Нэгдсэн улсын цэргийн хүчнийхэнтэй хамтран Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэдэг билээ. Ийнхүү энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд жил бүр шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг дөрвөн төрлийн өвчний дархлаажуулалтыг хийдэг бөгөөд энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ хяналт тавин ажилладаг.

Гэтэл ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын байцаагч нар болох Б.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа нар хамтран 2010-2019 оны хооронд дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэл дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин, “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудын дансаар 264 сая төгрөг гаргуулан авсан байдаг. Түүнчлэн шалгалтын явцад санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлджээ.

Уг хуралд Зэвсэгт хүчний жанжин штаб буюу хохирогчийг төлөөлж Б.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд тэрбээр мэдүүлэхдээ “Дархлаажуулалтын сангийн асуудал нь Нэгдсэн Үндэстний байгууллагад манай Батлан хамгаалах яамны салбар зэвсэгт хүчин болох цэргээ гаргаснаараа тэндээс санхүүжүүлдэг санхүүжилт учир улсын төсөвт огт хамааралгүй. Бүх цэргийн албан хаагч нарыг гадаадад үүрэг гүйцэтгэх хугацаанд тэнд байх хугацаанд шаарддаг шаардлагатай байгаа вакцинуудыг хийдэг. Нийт гарсан хохирол нь 264.099.900 төгрөг байгаа. Би Төрийн нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг өөрөө хийж гаргасан байгаа. Шалгалтаар дээрх хэмжээний мөнгийг завшсан болох нь илэрсэн юм. Энэ байдлыг удирдлагад танилцуулсны дагуу Авлигатай тэмцэх газарт албан бичиг хүргүүлсэн юм. Улсад учирсан хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шалгаж хууль бус үйлдэл хийсэн этгээдийг олж тогтоон хариуцлага хүлээлгэх санал хүсэлтэй байна” хэмээжээ.

Ийнхүү дээрх этгээдүүдийн хууль бус үйлдэл баримтаар нотлогдсон учир шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, шүүгдэгч Д.Сарантуяа болон С.Базаррагчаа нарт 11сая 400 мянган төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Дуламсүрэнд 18 сая төгрөгийн торгох ял тус тус оногдуулж, дээрх торгуулийг гурван жилийн хугацаанд төлөх, төлөхөөс зайлсхийвэл хорих ялаар солих шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.