Малчны хотонд хагалгаа хийж жирэмсэн эхийг эсэн мэнд амаржуулжээ
Аймгийн төвөөс 100 км-т орших Түргэн сумын малчны хотонд жирэмсэн эхэд хагалгаа хийж эсэн мэнд амаржуулжээ.
Тодруулбал, Түргэн сумын нутаг Дэглий цагаан уулын мухарт жирэмсэн эх Б.Одгэрэл халтирч унасны улмаас ихэс ховхорон цус ихээр алдаж, улмаар биеийн байдал нь хүндэрч Түргэн сумын Эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 яаралтай тасагт дуудлага өгчээ. Эмч нарын баг очиход эхийн бие маш муу, цус алдалт ихтэй байсан тул амийг нь аврахын тулд гэрт нь хагалгаа хийж эсэн мэнд амаржуулсан байна. Энэ нь түүний дөрөв дэх жирэмслэлт бөгөөд өмнө нь гурван удаа кесорва хагалгаагаар төржээ. Эмнэлгийн баг бүрэлдэхүүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн зөвлөх эмч Н.Шинэхүүгээр ахлуулсан их эмч А.Оюундэлгэр, Б.Солонго, нярайн эмч Д.Батхишиг, сувилагч Б.Нямбаяр нарын 10 гаруй хүн явжээ. Мөн Түргэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Баярсүрэн, эх баригч М.Басан, багийн эмч Д.Буянхишиг нар мөн газар дээр нь очиж ажилласан байна. Одоогоор эхийн биеийн байдал сайжирч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хэдийгээр Түргэний гол үерлэж, аймгийн төвөөс хойт чиглэлийн зам хаагдаад байсан ч аймгийн ОБГ-ын аврагчид усанд боогдсон иргэдийг татаж авах ажиллагааг зохион байгуулж байхдаа эмнэлгийн баг хамт олон таарч голоор саадгүй гаран зорьсон айлдаа очсон тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.