Дэл уулын хадны зураг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх жагсаалтад багтжээ

Дэл уулын хадны зураг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх жагсаалтад багтжээ

Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах нэгэн гайхалтай түүхийн дурсгалт газар Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт бий.

Энэ бол Дэл уул бөгөөд Дундговь аймгийн ИТХ-аас энэхүү дурсгалт газрыг аймгийнхаа Есөн гайхамшгийн нэгээр нэрлэсэн юм. Олон мянган жилийн тэртээх хүн төрөлхтөний амьдралыг өгүүлэх энэ цогцолбор түүхэн ач холбогдлоороо Дэлхийн соёлын өвд бүртгэгдэх ёстой хэмээн судлаачид, эрдэмтэд дүгнэдэг аж.

Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш найман км орчим сунаж тогтсон бэсрэг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршдог.

Түүний зургууд нь тухайн үеийнхээ оршин суугчдын ахуй амьдрал, ертөнцийг үзэх үзлийн агуулгыг гайхамшигтай дүрслэн үзүүлсэн байдаг. Түүнчлэн руни, монгол, хятад, төвд үсгийн бичээсүүд байгаа нь зөвхөн хүрэл төмрийн үеийг төлөөлөхөөс гадна, түүхийн олон үеийн турш хүн иргэншин суурьшсаар ирснийг харуулдаг аж.  

“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх 2018 онд Дундговь аймагт зохион байгуулсан “Дундговь судлал-2018” эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлдээ “Дэл уулын Булаг билүүн, Зүүн билүүн хэмээх уртаашаа 10 км, өргөөшөө найман км хэсэгхэн газарт байдаг 5000 орчим хэмээн багцаалдаг хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн хэмээн судлаачид тогтоосон байдаг.

Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон руни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн, одоогоор монголын нутаг дэвсгэрээс гуравхан олдсон дөрвөн дугуйтай морин тэрэг, хамгийн том хэмжээтэй морин тэрэг зэрэг судлаачдын анхаарлыг татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгалууд энд бий.

Хадны зурагнаас гадна шоргоолжин болон дөрвөлжин булш, хиргэсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасын үлдэгдэл, сүм хийдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий” хэмээн онцолжээ.

Зурагнууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй аж. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан хэмээн тодорхойлдог.

Анх 1960 онд Монгол, Оросын эрдэмтэд хамтран уг газрыг илрүүлэн зарим нэг дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэнд оруулж байсан ба түүнээс хойш хэд хэдэн эрдэмтэд очиж судалгаа шинжилгээ хийж байсан гэдэг.

Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авч, мөн 2008 оны 175 дугаар тогтоолоор дахин жагсаалтанд орж батлагдаж байжээ.

Энэхүү цогцолбор дурсгалын зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй, нэг хэв загварын биш онцлог шинжтэй. Дэл уулын хаднаа хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй аж.

Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгнүүд зэрэг дүрслэлүүд нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг.

“Монгол орны лавлах” номноо энэхүү гайхамшигт цогцолборын тухай “Дэл уулын сүг зургийн 3000 дурсгалыг нийт зургаан галерей хэсэгт хуваадаг. Сэдэвчлэн үзвээс хүмүүсийн ахуй амьдрал, овог аймгийн зөрчилдөөн, дайн тулаан, ан гөрөө, гэрийн тэжээвэр амьтад, хөсөг тээвэр гэж ангилж болно.

Зургаа дахь галерейд хамаарах Зүүн билүүгийн хадны зурагт янгир, морь, морь унасан хүн, тэмээний зураг арай илүү олон байдаг аж. Он цагийн хувьд харилцан адилгүй боловч нэг хэв шинжийн бус хэд хэдэн янзаар дүрсэлсэн байна. Эдгээр дотор давхилдаж буй олон морьтонгуудын дүрслэл нь монгол нутагт морь бол хүний гол унаа хөсөг байсныг улам бүр баталгаажуулж байдаг.

Зүүн билүүгийн хадны зургууд нь хүрэл зэвсэг болон төмрийн түрүү үед хамаардаг. Энд улаан зосоор зурсан бүргэдтэй адил жигүүртний зураг нь Улаанбаатар хотын Их тэнгэрийн амны зураг дүрслэлтэй ойролцоо байгаа нь судлаачдын анхаарлыг татдаг.

Мөн олон янгир дунд урт шулуун жад маягийн зэвсэг барьж хөлөө алцайлган хагас суусан байдалтай хүний зураг нилээд байдаг. Олон адуу туусан морьтой хүний зураг дүрслэл байдаг бөгөөд тухайн үед адууг гаршуулан сүргээр нь хариулдаг байсан болохыг илтгэж буй ажээ. Бугыг олон салаа эвэр бүхийгээр дүрсэлсэн байдаг.

Дэл ууланд Элст хөтөл хэмээх газар хоёр дэлний хооронд эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага буй. Тэдгээр хашлага бүхий дөрвөлжин булшнуудын дотор хавтангийн дээд хэсэгт бүжиглэж буй олон хүнийг цуварсан байдалтайгаар дүрсэлсэн байдаг. Энэ булшийг нутгийнхан гучин хоёр хүн хөшөөтийн дөрвөлжин булш хэмээн нэрлэдэг. Мөн дэл уулын хаданд тамга сийлсэн байх нь их байдаг. Тэдгээрийн дотор хас тамга судлаачдын анхаарал татдаг бөгөөд монголын нүүдэлчид эртнээс нааш энэ тамгыг хэрэглэж ирснийг илэрхийлж байна. Дөрвөн руни бичээсэнд “бид эрхэм цол хүртсэн улс биш тул энэ газар ан агнахаар ирсэн” хэмээн бичсэн байдаг бөгөөд үүнийг судлаачид Түрэгийн томоохон язгууртнууд язгуурын түрэг цолоо халж Тан улсын хятад цол авсан тухайгаа эсэргүүцсэн байдлаар бичиж үлдээсэн бололтой хэмээн үзжээ” хэмээн тайлбарласан байдаг.

“Дэл уулын гайхамшиг ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх бол энэ нутгийн хүн. Тэрээр дэлхийд гайхагдах энэ түүхт газрыг олон түмэнд таниулах, хадны зургийн нарийн учрыг тайлах, энэхүү гайхамшгийг урлагаар дамжуулан олон түмэнд ойлгуулах зорилгоор маш олон ажлыг санаачлан хийсэн нь үр дүнд хүрч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Ж.Наранцацралт асан “Дэл хөнжлийн уул бол хад болгон дээр нь түүхийн ул мөр үлдсэн нутаг” хэмээн хэлсэн байдаг.

Түүхийн чухал баримт болсон Дэл уулын хадны зураг Монгол улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх урьдчилсан жагсаалтуудын нэгэнд бүртгэгдээд байгаа.  

 Дэл уул бол түүхэн тодорхой орон зай, олон мянган жилийн тэртээх цаг үеийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий соёлын үнэтэй биет өв юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.