АБНЭУ Ангараг гараг руу сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө
Арабын Нэгдсэн Эмират улс Ангараг гараг руу анхны сансрын хөлгөө өнөө өглөө Японы газар нутгаас амжилттай хөөргөжээ. Японы Танегашима сансрын буудлаас хөөргөсөн Эйч2-Эй пуужинд тээсэн “Аль-Амал” сансрын хөлөг Ангараг гарагийн цаг уур,агаар мандлыг судлах 500 сая км зам туулах урт аялалдаа ийнхүү гарчээ. Арабын нэгдсэн Эмират нь Арабын орнуудын түүхэнд Ангараг гараг руу сансрын хөлгөө хөөргөсөн анхны улс болж байна.
Арабын Нэгдсэн Эмират улс энэ сарын 15ны өдөр уг хөлгөө хөөргөхөөр төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулсан юм. Арабаар “Аль-Амал”, Англиар “Хөүп” буюу Итгэл-Найдвар гэж нэрлэж байгаа сансрын хөлөг нь 2021оны 2 дугаар сард буюу Арабын Нэгдсэн Эмират улс тунхагласны 50жилийн ойн өдөр Ангарагийн тойрог замд орох юм байна. Тус станц Ангараг гарагийн тойрогт 2 жил аялахдаа уг гарагийн устөрөгч болон хүчилтөрөгчийн түвшинг задлан шинжлэх юм байна. ингэснээр Ангараг гарагийн агаар мандлын талаарх хүн төрөлхтний түүхэн дэх анхны судалгаа болж, уг гараг дээр яагаад хүн амьдрах боломжгүй байгааг тайлж ойлгоход шинжлэх ухааны салбарт хувь нэмэр оруулах юм байна. Ангараг гарагт хүрэх энэ төслийн удирдагч Арабын Нэгдсэн Эмират улсын хувьд Ангараг гараг руу сансрын хөлөг хөөргөснөөр АНУ одоогоос 51 жилийн өмнө Саран дээр Аполло-11 хөлгөө буулгаж байсантай адил түүхэн үйл явдал болохыг онцолжээ.
Арабын нэгдсэн Эмират нь одон орон судлал зэрэг салбарыг хөгжүүлснээр эдийн засаг дахь газрын тосны хэт хамаарлыг бууруулах бодлого баримталж байна. Өөрөөр хэлбэл “Эмират Ангараг” төлөвлөгөө өсвөр үеийнхэн болон залуучуудыг Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр суралцахад уриалга болохын зэрэгцээ эрдэм шинжилгээ, аж үйлдвэр, эдийн засгийн зэрэг салбарт нь өөрчлөлт шинэчлэлтийг бий болгох хөдөлгөгч хүч болно тооцоолж байгаа юм байна.
Энэхүү сансрын станцыг бүтээхэд 450гаруй инженер, 6-н жилийн турш ажиллажээ. Олон улсын түвшинд Ангараг гарагийг судлах судалгааны олон ажил, олон төсөл хэрэгжиж байна. Энэ сард Хөүп хөлгөөс гадна сансрын хоёр хөлөг Ангараг гараг руу хөөрөх юм. НАСА энэ сарын 30-нд Ангараг руу дараагийн хөлгөө хөөргөхөөр бэлтгэж байгаа бол БНХАУ мөн энэ сард багтаан өөрийн хөлгийг хөөргөх юм байна. Энэ сард Ангараг гарагийн тойрог зам дэлхийн тойрог замтай ойртох оргил үе таарч байгаа учраас улс орнууд хөлгөө ойр ойрхон хөөргөхөөр төлөвлөжээ. Хэрэв энэ боломжийг алдвал 2022 онд тохиох дараагийн оргил үеийг хүлээх шаардлагатай болох юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.