Токиогийн олимпын наадам төлөвлөгөөний дагуу явагдана
Олон улсын Олимпын хороо /ОУОХ/-ны 136 дугаар чуулган цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдав. Энэхүү арга хэмжээ нь цар тахлын үетэй холбогдуулан Олимпын хөдөлгөөнд хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэл, хариу үйлдлүүдийг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэдгээрээ онцлогтой байв.
Үүний нэг нь цар тахлын улмаас нэг жилээр хойшлоод буй "Токио-2020" Олимпын наадмын уралдаан тэмцээн явагдах бүх цэнгэлдэх хүрээлэн, заал танхим болон тамирчдын байрлах тосгон 2021 оны 7 дугаар сард төлөвлөсөн ёсоор ашиглагдах болсныг ОУОХ албан ёсоор баталлаа.
Мөн Токиогийн Олимпын наадмыг Зохион байгуулах хорооноос уралдаан тэмцээний албан ёсны хуваарийг гаргасан байна. Нийт 43 танхим, цэнгэлдэх Олимпын наадмын үеэр ашиглагдах юм.
Санхүүгийн болон ложистикийн шалтгааны улмаас зарим заал танхимыг 2021 онд ашиглах боломжтой эсэх нь эргэлзээтэй байсан нь ийнхүү тайлагдаж байна.
Чуулганы үеэр зөвхөн "Токио-2020" Олимпын наадмаас гадна дараагийн Олимпын наадмыг зохион байгуулах хороодын төлөөлөл тайлангаа тавьж, шинэ мэдээллээ хуваалцав.
"Бээжин-2022" Өвлийн Олимпын наадмын хувьд ихэнх уралдаан тэмцээн явагдах заал танхим бэлэн болж, энэ оны сүүлээр гэхэд тамирчдын тосгон болон үндсэн цэнгэлдэхийн барилгын ажил дуусна гэдгийг мэдэгдлээ. Өнгөрсөн 12-р сард нээгдсэн сайн дурын ажилтны бүртгэлд одоогоор 840 мянган хүн бүртгүүлээд байгаа аж.
"Парис-2024" Олимпын наадмын хувьд, хүүхэд залууст Олимпын наадмын ач холбогдол, үнэ цэнийг түгээх ажилд ихэд анхаарч, онлайн сувгуудыг ашиглан хагас сая хүнд хүрсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Мөн ус спорт, бадминтоны тэмцээн явагдах барилгын ажлууд эхэлжээ.
"Милано Кортина-2026" Олимпын наадмын хувьд нэр дэвшигчийн статусаас шилжилт хийж, Зохион байгуулах хороог өдөр тутмын үйл ажиллагаатай болгон өөрчилсөн байна. Шинэ сайтаа ашиглалтанд оруулж, зарим түншлэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээ онцолжээ.
"Лос Анжелес-2028" наадам ч мөн адил зохион байгуулах хороогоо байгуулж, гурван оффист 65 ажилтантай болсон байна. Тэд дотоодын хүүхэд залуусын спортын хөгжилд зориулж ОУОХ-ны тусламжтайгаар 160 сая долларын хөрөнгө оруулалт хийх болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.