Ухань хотын бодит байдлыг илчилж байсан иргэнийг баривчилжээ
Коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотын бодит байдал, халдварт өвчинтэй тэмцэж байгаа ажлын үнэн царайг харуулж байсан иргэний сэтгүүлчийг баривчилжээ.
Өдгөө 34 настай иргэний сэтгүүлч Чен Циушиг ар гэрийнхэн нь алга болсон гэж үзэн цагдаагийн газарт баасан гарагийн өглөө хандсан байна. Улмаар орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 09-ний өглөө цагдаагийн газар цагдан хорьсон гэж мэдээлжээ.
Тэрбээр "WeChat" болон "Weibo" зэрэг нийгмийн сүлжээний хуудаст Ухань хотын нөхцөл байдлыг харуулсан дүрс бичлэг оруулж, мөн түүнчлэн өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан юм. Түүнийг олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ тараасан гэж үзэн хэрэг нээж, улмаар цагдан хорьсон байна.
Чен Циушиг цагдан хорьсон тухай мэдээлэл тархмагц “WeChat” болон “Weibo” зэрэг нийгмийн сүлжээний хуудсаар түүнийг суллахыг шаардан олон хүн сэтгэгдэл бичжээ. Барууны хэд, хэдэн агентлагууд ч түүнийг суллахыг шаардан мэдээ, нэвтрүүлэг бэлдсэн байна.
Чен Циуши нь Ухань хотын харьяат биш ч гэсэн нэгдүгээр сарын 24-нөөс хойш хөл хорио тогтоосон Ухань хотод очин бодит нөхцөл байдлыг харуулсан мэдээллээр интернэт ертөнцөд влог видео оруулж байжээ. Хятадын фейсбүүк гэгдэх "Вейбо" хуудсыг хятадын 740 мянган хүн дагадаг гэх мэдээлэл бий.
"Би огтхон цуурхал, худал мэдээлэл тараахгүй гэдгээ амлая. Үнэн ямар ч тохиолдолд далдлагддаггүй юм" гэж Чен Циуши цахим хуудастаа бичиж байжээ.
Түүний хувьд өнгөрсөн наймдугаар сард Хонконгийн жагсаалын тухай видео бэлдэн интернэт орчинд цацсаныхаа төлөө саатуулагдаж байсан удаатай.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.