Нүүрсний тээврийг ЗОГСООЖ, хилийн боомтоо хаах cаналыг хэлэлцэх боллоо
БНХАУ-д дэгдсэн коронавирусаас шалтгаалсан хөл хорио, хязгаарлалтаас шалтгаалан Монгол Улсаас гарах нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтэд ихээхэн хүндрэл үүсээд байна.
Тодруулбал, хэдий хилээр зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн ч бараа таваарын эргэлт, экспорт, импорт, уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтийг зогсоогоогүй юм. Гэсэн ч хил залгаа БНХАУ-ын нутагт хөл хорио тогтоосноос улбаалан хилээр орж, гарч байгаа машин, жолооч нарт тавих хяналт шалгалт, тандалтыг маш өндөр түвшинд хийх болж, экспортын татан авалт эрс буураад байна.
Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг боомтод нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт хийж буй жолооч нар өвчлөх эрсдэл тун өндөр, цаашлаад "Цагаан хад" боомт болон хилийн цаана байрлах үйлчилгээний газрууд ажиллахгүй болсноор олон хоног өлсөж, цангаж яваа талаар жолооч нараас мэдээлэл ирүүлж байсан юм.
Нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын онцгой комиссын "Шуурхай бүлэг" өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтуудад очиж хуралдсан.
Тус хуралдаанаар, үүсээд буй нөхцөл байдалд үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох, хилийн боомтуудыг түр хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэх болсон байна.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ талаар "Экспортын татан авалт буурсан болон орон нутгийн удирдлага, иргэдээс гарч буй саналыг үндэслэн нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлтийг түр зогсоох хүртэл арга хэмжээг авч өгөх асуудлыг Улсын Онцгой комисст уламжлах боллоо. Энэ бол байх ёстой зүйл. Учир нь хил залгаа улсад хөл хорио тогтоосны дээр хил гараад хоол унд ч байхгүй, жолооч нар эрүүл мэндээ хамгаалах ямар ч баталгаагүй, олон хоног тээвэрлэлт хийж байгаа учраас ядрах, дархлаа сулрах, энэ нь вирус тээж ирэх эрсдэл болох гээд олон хүчин зүйл байна. Тиймээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж дуустал буюу 3 дугаар сарын 2 хүртэл тээвэрлэлтийг зогсоох санал хэлэлцүүлэх боллоо" хэмээн орон нутгийн хэвлэлд мэдээлэл өгчээ.
Мөн энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар "Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Улсын онцгой комисс уг саналыг ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.