Египетийн яамд шинэ нийслэл рүү нүүхээр бэлтгэж байна
Египетийн бүх яам Каир хотоос одоогоор нэр аваагүй байгаа засаг захиргааны шинэ төв рүү энэ оны хоёрдугаар хагаст нүүнэ гэж Каир хотын захиргааны албан ёсны төлөөлөгч Халид аль-Хусейни мэдэгджээ.
Өдгөө засгийн газрын дүүргийн барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Тус дүүрэг нийт 37 барилгатай байх бөгөөд нийт 300 га талбайг эзлэх юм.
Тус улсын шинэ нийслэл Египет улсын хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг бөгөөд 20 сая гаруй хүн амтай Каир хотын төвлөрлийг сааруулах зорилготой. Каир хотоос 45 км зайд байрлах шинэ нийслэлд орчин үеийн орон сууцны дүүрэг, төрийн байгууллагуудын офис, их дээд сургууль, дипломат корпусын дүүрэг, дэд бүтцийн барилга байгууламж зэрэг баригдаж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сард Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах ас-Сиси шинэ нийслэлд Ойрх Дорнод бүс нутаг дахь хамгийн том христийн сүм болон тус улсын хамгийн том аль-Фаттах аль-Алим исламын сүмийг нээж байсан билээ.
Египетийн Ерөнхийлөгчийн тамгын газар, парламент, яамд, их дээд сургууль, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг байрлах шинэ нийслэлийн нутаг дэвсгэрийн нийт хэмжээ нь 700 кв. км. Шинэ нийслэлийн хүн ам долоон сая байхаар тооцоолж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.