Цагаан ордны төлөөх өрсөлдөөн албан ёсоор эхэллээ

Цагаан ордны төлөөх өрсөлдөөн албан ёсоор эхэллээ

АНУ-ын Айова мужид энэ сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа албан ёсоор эхэлсэн. Энэ муж уламжлал ёсоор АНУ-ын улс төрийн гол хоёр нам болох Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Намын шанстай нэр дэвшигчдийг тодруулах анхны санал хураалт явуулахаас гадна дараа дараагийн шатны сунгааны явц, уур амьсгалыг тодорхойлдог. Түүнээс гадна, энэ мужийн санал хураалт Ардчилсан намын сунгаанд ялалт байгуулах нэр дэвшигч хэн байхыг бараг үргэлж зөв гаргадаг нэг ёсны үнэнч итгэлцүүр болдог.

Тус хоёр намын сонгогчдын дунд явуулсан санал хураалтыг /кокус/ товч дүгнэхэд Бүгд Найрамдах Намын санал хураалтад одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп 97 хувийн санал авч, итгэлтэй ялалт байгуулав. Харин Ардчилсан намын нэр дэвшигчдийн хувьд залуу нэр дэвшигч, Саут Бэнд хотын дарга асан Пит Буттижич /38 настай/, хамгийн өндөр настай нэр дэвшигч, сенатор Бэрни Сандерс /78 настай/ нар сунгааг тэргүүлэв. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байден 16 хувийн саналаар дөрөвт бичигдэв. Ардчилсан намын хувьд Айова мужийн анхны санал хураалт анхнаасаа бүтэлгүйтэж эхлэв. Тус намаас мэдэгдсэнээр, хэд хэдэн техникийн алдаа гарч, санал тооллогын дүн зөрсөн бөгөөд санал хураалтын дүнг цаг тухайд нь танилцуулж чадсангүй. Урьдчилсан санал хураалтын дүнгээс үзвэл, Буттижич 26.2 хувь, Бэрни Сандерс 26.1 хувь, Массачусетс мужийн сенатор Элизабет Уоррен 18.2 хувь, экс дэд ерөнхийлөгч Жо Байден 15.8 хувийн саналаар тэргүүлж байна. Жо Байденыг сунгаанд хоёрт эсвэл бүр тэргүүлнэ хэмээн таамаглаж байсан нь талаар болов.Доналд Трампын шанс

Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Бүгд Найрамдах Намаа бэхжүүлж чадсан бөгөөд түүнийг 85 хувь нь дэмжиж байгаа хэмээн бахдаж байсан. Сунгааны эхний санал хураалтын үр дүн үнэхээр ч үүнийг баталж, тэрбээр бүр 97 хувийн санал авав. Улс төрийн үзэл бодлоос үл хамааран ялагчийг хүндэлж, ялагдагчид таатай ханддаггүй АНУ-ын улс төрийн соёлын онцлогийг харгалзан үзсэн ч тэр Трампын шанс өндөр. Ардчилсан Нам ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг гаргаж  тавихдаа түүнийг албан тушаалаас нь огцруулна гэж найдаагүй ч Трампын “ноо”-г илчилж, Бүгд Найрамдах Намыг дотор нь хагаралдуулна хэмээн битүүхэн горьдож байсан ч мөн л талаар болсон. Тэдний ялагдлыг харин Трамп овжин ашиглах нь тодорхой. Импичментийн процедурын явцад Трамп хамгаалах байр суурь баримталж байсан бол өдгөө тэрбээр давшилтын тактикт шилжинэ. Харин Ардчилсан Нам эсрэгээр барьц алдсан байдалд оров. Итгэл үзүүлэх эсэх асуудалд ялагдал хүлээснээс гадна сонгуулийн сунгааны гараа бүтэлгүйтэж, нөгөө талаар, гол өрсөлдөгч хэмээн найдлага тавьж байсан Жо Байден дөрөвт орж, олны дунд бага танигдсан нэр дэвшигчдийн ард орсон. Сунгааны дараагийн  санал хураалт болох Нью Хэмпширт Жог мөн л азгүйтэл хүлээж байгаа. Учир нь тус мужид Бэрни Сандерс, Элизабет Уоррен илүү алдартай. Тиймээс Невада, Өмнөд Каролина муж л түүний найдвар болоод байна. Хэрэв энд мөн ялагдвал Ардчилсан намынхан хагархай тэвштэй л хоцорно гэсэн үг. Учир нь нам дотроо хуваагдаад байгаа бөгөөд тэднийг нэгтгэх нэр дэвшигч үгүй болох юм. Энэ нь мэдээж хэрэг аз Трампын талд үйлчилнэ гэсэн үг.

Гэхдээ шинжээчдийн дүгнэж буйгаар, сонгуулийн урьдчилсан сунгааны шийдвэрлэх хүчин зүйл нь эдийн засаг байх болно. Хэрэв АНУ-ын эдийн засаг одоогийн темпээ алдалгүй хадгалж чадвал Трампын шанс тун муугүй байна.

 засгийн гайхамшиг ба Трампын амлалтууд

Доналд Трамп Америкт “эдийн засгийн гайхамшгийг” бүтээсэн гэж цээжээ дэлддэг. Тиймээс ч эдийн засгийн асуудлыг сонгуулийн сурталчилгааны гол сэдэв болгож буй. “Тэрбээр улс орныхоо төлөө маш их зүйлийг хийж байна. Цалин өсөж, ажлын байр шинээр бий болж, америкчууд орон сууц дахин авч эхэллээ” гэж даатгалын байцаагч Роберт Адамсон Трампын амжилтыг шагшин магтав.

Статистик ч үүнийг батална. АНУ-ын эдийн засгийн өсөлт дөрвөн хувьд хүрч, шинжээчдийг гайхшруулж байсан. Эдийн засгийн өсөлтийн энэ түвшинг удаан барихад хүнд бөгөөд удаашрах төлөв ажиглагдсан ч урьдчилсан таамгаас давсан хэвээр буй. Ажилгүйдлийн түвшин дөрвөн хувь хүртэл буурсан нь сүүлийн хагас зуун жилд гараагүй амжилт. Үүнд татварын шинэчлэл ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь ДНБ-ий өсөлт хоёр хувьд хүргэх, ажилгүйдлийг бууруулахад нөлөөлжээ. Эдийн засгийн хувьд Трамп яахын аргагүй онц сайн дүн авч байна.

Харин эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийх амлалт биелээгүй. Түүний санал Сенат эсвэл Конгресст унаж байв. Бүгд Найрамдах Нам холбооны хууль тогтоох бүх байгууллагад хоёр жил ноёрхсон ч  Обамагийн нэвтрүүлсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж чадаагүй. Шүүхийн тогтолцооны хувьд тэрбээр гайхалтай амжилт гаргасан. Дээд шүүхэд Бүгд Найрамдах Нам олонхын суудлыг бүрдүүлж чадсан билээ.

“Бид хил дээрээ хана босгоно. Сайхан том хана барина, харин мөнгийг нь Мексикээр гаргуулна” гэж Трамп 2016 онд амлалт өгч байсан. Түүний хувьд хилийн хана хамгийн чухал асуудлын нэг байв. Энэ хана хууль бус цагаачидтай тэмцэх нэг хэлбэр байснаас гадна бэлгэдлийн ач холбогдолтой. Хилийн хана нь Хятадын Цагаан хэрмийн Америк хувилбар болох бөгөөд түүнийг санаачилсан хүний нэр мөнхрөх ёстой. Хоёр жилийн турш Ардчилсан намынхантай байлдсаны эцэст зөвшилцөлд хүрч чадсан. Дээд шүүх Трампын цэргийн төсвийг хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зарцуулах эрхийг баталгаажуулснаар 2019 оноос хойш хилийн хана босгох ажил эрчимжсэн. АНУ, Мексикийн хил дагуу хоногт хоёр км хаалт босож байна. Энэ онд 650 км хана барих хөрөнгийг төсөвлөөд байгаа.

Америк маягийн покер буюу Хойд Солонгос

Энэ асуудал дээр Доналд Трампын хоёрдмол бодлого илт мэдрэгддэг. Нэг талаар Цагаан ордны тэргүүн Ким Жон Уныг “цөмийн товчлууртай гаж донтон” хэмээн заналхийлж байсан бол нөгөө талаар, нөхцөл байдал сайнаар эргэвэл Хойд Солонгосын залуу удирдагчтай уулзахад бэлэн буйгаа илэрхийлж байсан. Түүний гол зорилго Солонгосын хойг цөмийн зэвсгээс ангижруулах явдал. Трамп сурсан зангаар Хойд Солонгост дарамт шахалт үзүүлэх замыг сонгов. Тэрбээр дарамт шахалтын замаар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн шийдвэрлэхээр зорьсон цорын ганц Цагаан ордны тэргүүн бас биш. Гэхдээ Пёньяныг айлгаж чадсанаараа анхных нь. Хойд Солонгосын эрх баригчид пуужингийн туршилтаа зогсоож, өмнөд хөрштэйгөө яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдэв. Үүний хариуд Трампын уур хилэн дарагдаж, Ким Жон Унтай яриа хэлэлцээ эхлүүлсэн. Түүхэн дэх анхны АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт болов. Тодорхой үр дүнгийн талаар ярих одоохондоо эрт ч гэхдээ энэ бол том дэвшил. Доналд Трампын Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хүртэл санаа гарахад хүргэсэн тийм том дэвшил. Энэ тал дээр Америк маягийн покерт Ким Жон Уны тэнхээ дутав.

Сири, Афганистанаас цэргээ гаргах түүний амлалт амьдрал дээр биеллээ олж байна. Тэрбээр Афганистанд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн тоог хоёр дахин хорогдуулж, долоон мянган албан хаагч гэртээ харьсан. “Исламын улс” бүлэглэлийг ялсны дараагаар Трамп Сириэс цэргээ татах ажиллагаа явуулсан. Мэдээж хэрэг энэ нь сонгогчдод таалагдана. Эцэст нь дүгнэхэд тэрбээр эдийн засаг, шүүхийн тогтолцоо, цагаачлалын асуудал, халуун цэгээс цэргээ гаргах тал дээр амжилт гаргав. Харин эрүүл мэндийн салбар болон НАТО зэрэг асуудалд бүтэлгүйтсэн. Трампын сонгогчид сэтгэл хангалуун байна. Нам дотроо түүний рейтинг 95 хувь. Бүхэлдээ Трампт Дугуй танхимд эзэн суух шанс багагүй бий.

2019 онд тэрбээр өөрийн сонгуулийн хандивын санд 143 сая ам.доллар төвлөрүүлж чадсан бөгөөд түүний сонгуулийн штаб энэ дүнг дор хаяж нэг тэрбумд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Цаашид ...

Энэ сарын 11-нд Нью Хэмпшир мужид сунгааны санал хураалт болох бөгөөд мөн сардаа багтаан Невада, Өмнөд Каролина мужид үргэлжилнэ.

Харин гуравдугаар сарын 3-нд “супер мягмар гараг” буюу нэгэн зэрэг 15 мужид сунгааны санал хураалт болно.

Сунгааны урьдчилсан санал хураалтаас тодорсон нэр дэвшигчдээс намын үндэсний хэмжээний тусгай чуулганаар эцсийн нэр дэвшигчийг тодруулна. Ардчилсан Намын шийдвэрлэх энэ үе шат долоодугаар сарын 16-нд болох бол Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчид өрсөлдөх нэр дэвшигч эцсийн байдлаар наймдугаар сарын 27-нд тодорно. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших албан ёсны эрх олж авахын тулд нэр дэвшигчид тухайн намын үндэсний чуулганы төлөөлөгчдийн олонхын санал авах ёстой. Бүгд Найрамдах Намын хувьд нэр дэвшигч 1236 санал, Ардчилсан Намын нэр дэвшигч 2383 санал авах ёстой юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Шилэн барилга"-ыг ӨНӨӨДӨР ХУДАЛДАНА 2020-02-10

Гашуун сухайтаас 120 км-ийн цаана коронавирусийн 2 тохиолдол илэрчээ 2020-02-10

Нийгмийн даатгалын ерөнхий газраас МЭДЭГДЭЛ гаргалаа 2020-02-10

ЭЕШ-д царай таних технологи ашиглана 2020-02-10

Коронавирус Монголын төсөвт дарамт учруулж эхэллээ 2020-02-10

Цагаан ордны төлөөх өрсөлдөөн албан ёсоор эхэллээ 2020-02-10

Египетийн яамд шинэ нийслэл рүү нүүхээр бэлтгэж байна 2020-02-10

Египетийн бүх яам Каир хотоос одоогоор нэр аваагүй байгаа засаг захиргааны шинэ төв рүү энэ оны хоёрдугаар хагаст нүүнэ гэж Каир хотын захиргааны албан ёсны төлөөлөгч Халид аль-Хусейни мэдэгджээ. Өдгөө засгийн газрын дүүргийн барилгын ажил 75 хувийн гүйц 2020-02-10

“King Tug” Н.Төгсцогтыг дэмжигчид АНУ-ыг зорилоо. 2020-02-10

"Оскар 2020" наадмын шагналтнууд тодорсоор байна 2020-02-10

БНХАУ-тай хиллэдэг бүх боомтоор гадаад улсын иргэдийг Монгол руу нэвтрүүлэхгүй 2020-02-10