Коронавирусийн вакциныг хүн дээр туршиж эхэлнэ
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 60063 хүрснээс зөвхөн Хятад улсад гэхэд 59539 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд нийт 5680 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, 1363 хүн нас баржээ. Нэг хоногийн дотор 14840 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хубэй мужид коронавирусийн халдвар авсан 33 мянган өвчтөн эмчлүүлж байгаагаас 5647 хүний биеийн байдал хүнд байна. Одоогийн байдлаар, тус мужид есөн мянга гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 77.3 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
-Нэг хоногийн дотор халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн нь вирусийн оношилгооны шинэ арга нэвтрүүлсэнтэй холбоотой гэж Хубэй мужийн эрх баригчид мэдээлжээ. Оношилгооны шинэ аргын тусламжтайгаар тус муж өмнө нь сэжигтэйд тооцогдож байсан тохиолдлуудыг дахин шалгасан бөгөөд оношилгооны үр дүнд өөрчлөлт орж, өвчтөнүүдэд шинэ онош тавьсан байна.
-Хятадын ардын чөлөөлөх арми шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох Ухань хот руу нэмж 2.6 мянган цэргийн эмч илгээлээ. Өдгөө тус хотод 1.4 цэргийн эмч нар хүрэлцэн ирж, ажилдаа ороод байна. Халдвар дэгдсэнээс хойших хугацаанд нийт дөрвөн мянган цэргийн эмч, сувилагч Ухань хотод дайчлагдан ажиллаж байна.
-Шинэ төрлийн коронавирусийн эсрэг гаргаж авсан анхны вакцинуудыг 3-4 сарын дараа хүн дээр туршиж эхэлнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Энэ сарын 11-12-нд Женев хотноо болсон коронавирусийн талаарх дэлхийн чуулга уулзалтад 400 орчим эрдэмтэд оролцож, коронавирусийн эсрэг шинэ вакцин гаргах журам зэрэг энэ өвчинтэй тэмцэх ажлын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ. Одоогийн байдлаар, энэ вирусийн эсрэг дөрвөн шинэ вакцин боловсруулалтын шатанд явж байгаа бөгөөд эхний хоёр вакциныг 3-4 сарын дараа хүн дээр туршиж эхлэх гэнэ. Гэхдээ аль вакциныг түрүүнд туршихыг хэлэлцсэн байна. Вакциныг 12-18 сарын дараа нэвтрүүлэх боломжтой гэж ДЭМБ мэдээлжээ.
-Сүүлийн долоо хоногт Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын шинэ тохиолдол буурч байна гэж ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ. Гэхдээ үүнд маш болгоомжтой хандах учиртай гээд дэгдэлт өөр хэлбэрээр илэрч болзошгүй гэж тэрбээр сануулжээ. Энэ сарын 4-өөс хойш коронавирусийн халдвар илэрсэн улс орны тоо нэмэгдээгүй гэж тэрбээр дурджээ.
-Хятад улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш Хятад болон бусад улсын хооронд үйлдэж буй олон улсын нислэгийн тоо 67 хувиар буурчээ. Японы “Никкей” сонинд бичсэнээр, АНУ, Хятадын агаарын замын тоо 80 хувиар буурсан бол Япон, Өмнөд Солонгостой үйлдэж буй нислэг мөн 50 хувиар буураад байна. Агаарын тээврийг хумьсан нь нийт 2.4 сая хүний ажил, амьдралын төлөвлөгөөнд нөлөөлжээ. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын салбарын орлогод шууд цохилт өгч, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрахад хүргэж болзошгүй гэж тус сонины шинжээчид үзэж байна.
-Хүн төрөлхтөн шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлд ХХ зуунд хүйтэн дайны нөхцөл байдалд Орос, АНУ-ын эрдэмтэд салхин цэцэг өвчнийг устгахаар хамтран зүтгэж байсан шиг нягтрах ёстой гэж ДЭМБ-ын онцгой байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан уриалжээ. Эв нэгдэл нь коронавирусийг ялах цорын ганц зам гээд ОХУ, АНУ-ын төлөөлөгчидтэй салхин цэцэг өвчнийг ялсны 40 жилийн баярыг хэрхэн тэмдэглэх, энэ өвчинтэй хамтран тэмцэж байсан баатрууд, үзэл бодол, газар зүйн хил хязгаарыг үл харгалзан хүйтэн дайны ид үед хамтарч зүтгэсэн тэр үеийнхний тухай Женев хотноо ярилцсан тухай дурджээ. Дэлхий даяар нөхцөл байдал хурцадмал байхад эдгээр эрдэмтэд хүн төрөлхтний сайн сайхны төлөө ажиллаж байсан нь гайхалтай боломж байсан гэж тэрбээр онцолжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.