Японы эрх баригч намын даргын сонгуулийн кампанит ажил маргааш эхэлнэ

Японы эрх баригч намын даргын сонгуулийн кампанит ажил маргааш эхэлнэ

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын /ЛАН/ даргын сонгуулийн кампанит ажил мягмар гарагт эхлэх гэж буйтай холбоотойгоор уг сонгуульд хүчтэй өрсөлдөх төлөвтэй байгаа гурван хууль тогтоогч сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр бэлтгэж байна.

Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, ЛАН-ын бодлогын асуудал хариуцсан дарга, Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио, ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү нар ням гарагт баруун өмнөд нутгийг хүчтэй шуурга дайран өнгөрсөн тул Токио хотод байж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч, тусламж үзүүлэхийг цахимаар уриалжээ.

Даваа гарагт Сайд нарын танхимын гол гишүүний хувьд шуурганы үр дагаврыг зохицуулах үүрэг хүлээсэн Сүгагийн нэрийн өмнөөс хууль тогтоогчид тусламж хүсэж, намын даргад өрсөлдөхөд шаардлагатай 20 зөвлөхийг сонгохоор ажиллах ажээ.

Кишидагийн ажлын хэсэг сонгуулийн кампанит ажлын төвөө байгуулах бөгөөд үүнийг Олимп, Паралимпын наадмын асуудал хариуцсан сайд асан Эндо Тошиаки ахлах төлөвтэй байна.

Ишибагийн хувьд ЛАН-ын гишүүдтэй уулзаж, өөрийгөө дэмжихийг хүснэ. Мөн тэрбээр зөвхөн намын гишүүд төдийгүй олон нийтийн дэмжлэгийг авахын тулд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөх ажээ.

Мягмар гаргийн өглөө нэр дэвшигчдийг бүртгэх бөгөөд үүний дараа мэдэгдэл хийж, хамтарсан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. ЛАН-ын нийт 394 хууль тогтоогч болон 47 мужийн төлөөлөгчид есдүгээр сарын 14-нд болох намын даргын сонгуульд саналаа өгөх юм.

Парламент есдүгээр сарын 16-нд шинэ Ерөнхий сайдыг сонгох санал хураалт явуулна. ЛАН-ын эвсэл парламентад олонхын суудал эзэлж байгаа тул тус намын шинэ дарга тэргүүлэх нь тодорхой байна.

Ийнхүү намын шинэ дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн сард илэрхийлсэн Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг авах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.