Л.Дүгэржав: Антарктидад Монголын бааз баригдаж эхэллээ
Энэ удаагийн “Судлаачийн үг” булангийн зочноор ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, Антарктид судлаач Л.Дүгэржавыг урьж ярилцлаа.
-Антарктид тивийг зорьсон долоо дахь аяллын тань сонин сайхнаар яриагаа эхлэх үү?
-Монгол Улс 2015 онд олон улсын Антарктидын гэрээнд нэгдэн орсноор бүрэн эрхт 53 дахь гишүүн орон болсон. 2008 онд Болгарын Антарктид судлалын институттай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар монголчууд цоо шинэ үеийг эхлүүлсэн. Миний бие 2019-2020 оны хайгуулын жилд долоо дахь удаагаа тус тивд очоод ирлээ.
Өмнө нь манай орноос цаг уурч Х.Пүрэвдагва, усны инженер, ус судлаач, доктор Д.Батмөнх, Д.Чинзориг гээд миний хүү, далайчин Д.Ганбаатар нар Антарктидад очиж байсан. Бид эхний жилүүдэд Болгарын олон улсын хайгуулын бүрэлдэхүүнд орж танин мэдэхүйн шинжтэй аяллууд хийж байсан. Энэ жил өөрийн гэсэн судалгааны ажлын сэдэвтэй, цаашлаад баазтай болох, бие дааж хайгуул явуулах боломжийг судлах нь бидний гол зорилго байлаа. Хайгуул явуулахад хоёр чухал шаардлага тавьж байна. Нэгдүгээрт, бид Антарктидын эрдэм шинжилгээний байгууллагын гишүүнээр элсэх. Гишүүнээр элссэн тохиолдолд судалгааны ажилтай болох боломжтой. Дараа нь өөрийн гэсэн баазтай болохгүй бол судалгааны ажил хийх боломжгүй. Сүүлийн хайгуулаар бааз байгуулах газрынхаа асуудлыг шийдэж чадсанаар Антарктид тивийн Ленгстоны арал дээр баазаа барьж эхэлсэн. Монголоос 20 мянга гаруй км-ийн зайд орших газарт 6-8 хүн амьдрах сууц барина гэдэг амаргүй ажил юм. Антарктид тив эрс хатуу, хүйтэн уур амьсгалтай, хүчтэй салхитай, тэр бүр хүн амьдраад байх боломжгүй. Гэхдээ ирээдүйд эндээс хүн төрөлхтөн ундны ус хэрэглэж, ашигт малтмал олборлох, хоол хүнсээ бэлтгэх, байгалийн хий, нефт олборлох тийм л газар. Бид саран дээр амьдрах, ангараг гариг дээр суурьшихаас урьтаж Антарктид тивийг ашиглана. Тиймээс энэ жилийн судалгааны ажлаа зохион байгуулж, Болгарын олон улсын хайгуулын бүрэлдэхүүнд орж, Орос, Испани, Колумби, Чиллийн судлаачидтай хамтран ажиллаж байгаад ирлээ.
-Судалгааны ажлын үеэр ямар үйл ажиллагаа явагддаг, юу хийдэг вэ?
-Антарктид тивд жилд 4000 орчим судлаач ажилладаг. Тэнд бүх зүйл шинэ. Судлагдаагүй их зүйл бий. Хамгийн түрүүнд судлаачид газар зүйн нээлтүүд хийдэг байсан. Дараа нь цаг уурын судалгааны ажил хийдэг болсон. Харин одоо далайн эрэг хавийн геологи, биологийн судалгаа, амьдрах орчин, хоол хүнсний судалгаа хийдэг болсноос гадна озоны цоорхойн нөлөө, тэнд байгаа хэт ягаан туяаны үйлчлэлүүд хүнд эрсдэл учруулдаг эсэх, эрчим хүчний эх үүсвэр, ургамал амьтныг судладаг болсон. Хүн өөрөө ч судалгааны объект болдог.
-Очоод ямар орчинд байрлаж, юу идэж, ууж, өмсдөг нь их сонирхол татаж байна?
-Анх 1911 онд Антарктид тивд ирсэн хүмүүс эрэлхэг зоригоороо л суурьшиж, майханд байрлаж, хамгийн зузаан хувцсаа өмсөж, морь, нохой, цана, чаргаар унаа залгадаг байсан. Одоо дэлхий ертөнц өөрчлөгдөж, шинжлэх ухаан хөгжсөн үе. Тиймээс өөрийн орны онцлогт тохирсон салхи шуурганд тэсвэртэй, хүйтнээс хамгаалах технологитой, хүн амьдрах бүх нөхцөл бүрдсэн байр баазаа байгуулж эхэлсэн. Манайд 20-30 м/секундын хурдтай салхи дэгдэхэд маш хүчтэйд тооцогдож, хүндрэл үүсгэдэг. Гэтэл энд 150 м/сек хурдтай салхи шуурдаг. Үүнийг төсөөлөхөд ч хэцүү. Цаг уурын нөхцөл байдал ч хүнд. Жилийн дундаж температур -540, зуны дундаж температур -340, өвлийн дундаж температур -740 байх жишээтэй. Гэсэн ч орчин үед ийм хүнд нөхцөлд хүн амьдарна гэдэг боломжгүй асуудал биш болсон. Хүйтэн гэдэг давагдашгүй хүчин зүйл биш. Хувцасны хувьд аль болох нимгэхэн, хөдөлгөөн хязгаарладаггүй, биеийн дулаан алддаггүй, чийг агуулдаггүй, салхи нэвтрүүлдэггүй термо хувцас үйлдвэрлэдэг болсон. Миний хувьд “Говь” компанийн тэмээний ноосон уутан хөнжил авч явдаг. Энэ хөнжлийг -500 хүртэлх хүйтэнд хэрэглэхэд даарч хөрдөггүй. Байрлаж буй бааздаа материал, хүнс нь байвал ямар ч хоолыг хийж идэх боломжтой.
-Сүүлийн үед Антарктидад цас хайлах болсон нь олны анхаарлыг татаж байгаа. Сүүлд очиход тань цаг агаар ямар байв?
-Өмнө нь Антарктидын эрэг хавьд зуны улиралд нэлээд зузаан цас биднийг угтдаг байлаа. Бид Болгарын баазын эргээс 20 гаруй метрт байдаг. Бааздаа хүрэхийн тулд их хэмжээний цас ухдаг байсан бол одоо шаардлагагүй болсон. Эрэг хавьд нь зуны улиралд тодорхой хэмжээнд агаарын хэм нэмэгдэж байгаа учраас цас хайлж байгаа нь бидэнд мэдэгдэж байгаа. Энэ нь өнөөгийн үйлдвэржсэн нийгэмд хүмүүсийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хий, бусад хүчин зүйлээс хамааралтайгаар бий болж буй байгалийн үзэгдэл юм.
-Дэлхийн хамгийн хүйтэн орчинд ажиллаж байхад амь насанд эрсдэлтэй зүйл тохиолдож байв уу?
-Эрсдэл тохиолдох, бэртэх үе байлгүй яах вэ. Тэр ч байтугай амь насаараа хохирсон хүн олон бий. Бүтэн жилийн хугацаанд дөрвөн сар гэрэлтэйд, найман сар харанхуй, салхи, шуургатай, мөсөн цөлд амьдарна гэдэг хүний сэтгэл зүйд их нөлөөлдөг. Тэнд нэг жилээс илүү хугацаагаар хүн байлгаж, ажиллуулдаггүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Чиллийн Ложестикийн тээврийн онгоц Дирекийн хоолойд осолдсон. Тэнд Антарктид судлаач 26 хүн, багийн 17 гишүүн явж байсан. Зөвхөн Дирекийн хоолойгоос Антарктид тив хүрнэ гэдэг эрсдэлтэй алхам. Мөн хоёр жилийн өмнө Испанийн хөлөг онгоцны ахмад далайн давалгаанд цохиулж амь насаа алдсан. ОХУ-ын хоёр баазын хооронд явж байсан гинжит трактор мөсний ангал руу унасныг Оросын онцгой байдлынхан жилийн дараа олж, техник болон жолоочийн цогцсыг гарган авсан нь эрсдэл ямар түвшинд байдгийг харуулах байх. Бид хамаагүй явахгүй. Уулчид шиг хэлхэлдээд л явдаг. Антарктид тивд дунджаар 2400 метр зузаан, эргийн 50 метр, зарим газраа таван км зузаан мөстэй. Татах хүчний нөлөөгөөр дэлхий тогтмол эргэлтэд оршдог тул үргэлж ан цав үүсч байдаг. Цас ороод, хяруу унаж ан цав үзэгдэхээ больдог аюултай үед осолдсон хүн олон. Мөн хөлдөж, өлсөж үхсэн тохиолдол ч их байсан. Бүх зүйл хөгжин, дэвшиж байгаа одоо цагт эрсдэл гарах нь багассан ч жил бүр осол бүртгэгдсээр байгаа. Сая шинээр гараад байгаа коронавирус ч бидний эрүүл мэнд, ажил, судалгаанд нөлөөлж байна. Хятадын “Их цагаан хэрэм” гэх том байранд, олон улсын гэрээний дагуу баазгүй орны хүмүүс түр байрлах боломжтой байдаг. Их цагаан хэрэм баазад хүрэхээр хятадуудтай хамт байсан бусад орны багийг 14 хоног тусгаарласан. Бидний ажил, цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөлд болдог. Гэтэл коронавирусаас болж ажил зогсох, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй байдал үүссэн байна. Гэхдээ эрсдэл 40 жилийн өмнөхөөс харьцангуй багассан.
-Дэлхийн улс орнууд Антарктидыг эрчимтэй судлах болсныг хэвлэл мэдээллүүд, олон нийт, газар нутгийн төлөөх тэмцэл, шинэ ертөнц гэхчлэн байр сууриа илэрхийлэх болсон. Таны бодлоор?
-Манай дэлхийн хуурай газрын 10 хувийг эзлэх, 15 сая хавтгай дөрвөлжин км хэний ч биш газрын төлөөх хөгжилтэй орнуудын судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явагдаж байна. Норвеги гэхэд бид эхэлж энэ тивийг нээж, түрүүлж өмнөд туйлд хүрсэн учраас энэ тивийн хагас нь Норвегийн газар гэх болсон. Чилл, Австрали, Шинэ-Зеландаас гадна бусад орон ч газар өмчилж, манайх гэлцдэг. Гэхдээ Антарктидын гэрээнд зааснаар хэнийх ч биш. Гэсэн ч газрын төлөөх тэмцэл хэдийнэ эхэлсэн. Ирээдүйд уух ус, идэх хоол, эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх тэмцэл хүссэн хүсээгүй гарна. Харин үүнийг шинжлэх ухаанчаар, энхтайвнаар шийдвэрлэх боломж байгаа гэж бодож байна.
-Судалгаа, шинжилгээний ажлаар явахад анхаарах зүйл юу вэ. Хувийн бэлтгэлээ хэрхэн базаадаг вэ?
-Хамгийн түрүүнд эрүүл, тэсвэр тэвчээртэй, харилцаа холбоо үүсгэхийн тулд гадаад хэлтэй, судалгааны ажлын дөртэй байх ёстой. Зөвхөн юм мэддэг биш чаддаг байх ёстой. Хоолоо хийх, цахилгаан ашиглах, мөс ухах, моторт завь унах шаардлага ч гарна. Хувийн зохион байгуулалт, чадвар хамгийн чухал.
-Ойрын үед юу хийхээр төлөвлөж байна даа?
-“Антарктид тив” хэмээх бага нэвтэрхий толио ирэх сард хэвтүүлнэ. 10-аад жилийн туршлага, Антрактидад үзэж харсан, сонин содон зүйл, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, тивийг нээсэн түүхийн судалгаа, ургамал амьтны ертөнцийн тухай мэдээлэл шингэсэн бүтээл хийж байгаа. Мөн Антрактидын тухай баримтат киноны ажилдаа ороод байна.
-Таны хүү судалгааны ажилд оролцсон гэсэн. Энэ салбарт ажилладаг юм уу?
-Миний хүү уул уурхайн эдийн засагч хүн. Гурван жилийн өмнө би мэс засалд орж хайгуулаар явах боломжгүй болсон. Антарктид явна гэдэг квоттой, хязгаартай ховор боломж. Тухайн үед тасалбараа худалдаад авчихсан, явах хугацаа ойртсон байсан. Миний оронд явж болох ганцхан хүн бол миний хүү байсан. Яагаад гэвэл миний тасалбар, квот бүх зүйл Борлууд Дүгэржав гэж тэмдэглэгдсэн. Би Борлууд овгийн Лхамсүрэнгийн Дүгэржав. Миний хүү Борлууд овгийн Дүгэржавын Чинзориг байсан учраас аавынхаа оронд Антарктидыг зорьсон. Хамгийн том шалтгаан энэ байсан ч өөрөө чадалтай, тэнхээтэй байгаа үедээ хүүгээ газар үзүүлж, бэрхшээлийг давж гарах газар руу явуулахыг хүссэн. Тэнд нэг удаа очоод ирэхэд цоо шинэ хүн болж ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгддөг. Тэр хүнд хэцүү нөхцөлд хамтын хүч гэж юу болохыг ойлгодог. Гайхамшгийг үзэж харж туулдаг, тийм л газар.
-Антарктидад зорчсон сүүлийн аяллын тань сайхан нь, мөн хэцүү нь юу байв?
-Бид бааз барих зорилготой явсан. Газраа цэгцэлж, сууриа тавиад ирсэн. Мөн цаг уурын автомат станц суурилуулж түүнийхээ мэдээллүүдийг авлаа. Монгол, Болгарын дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойд зориулж Монгол, Болгарын найрамдлын нийгэмлэгийн гишүүдийн хандиваар кирилл үсгийн хөшөө босгосон нь Антарктид тивд бүтсэн анхны хөшөөнүүдийн нэг боллоо. Монголчууд бид болгаруудын кирилл үсгийг ашигладаг учраас соёлын харилцааны бэлэг тэмдэг болгож хөшөө босгосон. Мөн тэнд монгол гэрээ аваачсан. Шаардлагатай үед бариад байрлачихдаг юм. Би өөрөө 10-аад хоног амьдарч байсан. Уулын орой дээр баазаа барьж байгаа болохоор хад чулууг нь цэвэрлэх, чингэлэг байрлуулах, талбай засах гээд ажил их байсан. Энэ бүгд ганц хүний хийж чадах ажил биш ч Болгар, Испани нөхдийн тусламжтайгаар эхний алхмаа хийгээд ирсэн. Их бүтэмжтэй, сайхан яваад ирлээ.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.